Сургууль, цэцэрлэгт суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд жилд нэг удаа унааны зардал гэж 200 мянган төгрөг олгодог. Гэвч үүнийг зарим эцэг, эх мэддэггүйгээс төрөөс олгодог тусламжаас хоцордог гэнэ. Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо үүнтэй холбоотой мэдээллийг зорилтот бүлгийнхэнд хүргэх, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Тэрчлэн насан туршийн боловсролын болон хүүхэд хөгжлийн төвд хамрагддаг хүүхдүүдэд энэ тусламжийг олгох саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн гэнэ. Одоо мөрдөж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журмаар дээрх төвд хамрагддаг хүүхдүүдэд унааны зардал олгодоггүй аж. Тэгвэл дээрх холбооныхон энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ялгаваргүй олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Бэлтгэсэн Н.Буян