Иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн, “Юнивишн” ХХК нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөлгүйгээр үнэ нэмсэн гэх гомдлыг хянаад, зөрчлийн хэрэг нээж, тарифаа хянуулаагүй өсгөсөн талаар харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгджээ. Үүний хариуд тус хорооноос албан бичиг ирүүлэхдээ ХХЗХ-гоор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар “Юнивишн”-д мэдэгдсэнээ дурджээ. Иймээс тус компани ХХЗХ-гоор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй гэдгийг ШӨХТГ-аас мэдээлэв.
Өрсөлдөөний тухай хуулиар давамгай байдалтай болон монопол аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ хяналт тавихаар тусгасан ч 2016 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулалттай салбаруудын үйлчилгээний үнийг тухайн зохицуулах хороод нь хянахаар заасан гэнэ. ШӨХТГ-аас уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хүргүүлжээ. Тодруулбал, 2016 онд оруулсан дээрх өөрчлөлтийг хасуулах саналыг тусгасан аж.
Бэлтгэсэн Б.Сонор