Нүүрс экспортлох үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын талаар Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр, "2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна. Мөн, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа улсын хилээр хоосон гарсан, Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортлосон зэрэг асуудлууд тогтоогдсон. 2018-2022 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацааг хамруулсан шалгалтаар мөн 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.
Монгол Улс 2019-2022 онд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтуудаар БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улсууд руу чулуун нүүрс экспортолжээ. Үүний 92.1-98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна. Иймд Гаалийн ерөнхий газраас БНХАУ-ын Гаалийн байгууллагатай зарим бараа бүтээгдэхүүний статистик зэрэгцүүлэлтийг жил тутамд хийж, гарч байгаа зөрүүнд нөлөөлсөн хүчин зүйлсэд талуудын уулзалтаар дүн шинжилгээ, тодотгол хийдэг. Гарч буй зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийх, тулгамдсан эрсдэлт хүчин зүйлсийг тогтоож, цаг алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 2019 оноос хойш хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, нүүрсний экспортын бүртгэл, хяналтыг сайжруулах чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байна.
Гаалийн шинэчлэлийн хүрээнд Шивээхүрэн, Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг боомтуудад хүний оролцоогүй бүртгэж, сан үүсгэх ухаалаг гарцын систем нэвтрүүлж, нүүрс экспортлох тээврийн хэрэгсэлд хяналт тавих рентген төхөөрөмж, телекамер суурилуулсан. Мөн гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг татварын байгууллага, гааль, татварын мэдээлийн технологийн төвтэй хамтран боловсруулж гаалийн бүрдүүлэлтийн цахим системд холбох бэлтгэлийг хангаж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ашиглаж эхлэхээр бэлдээд байгаа аж. Үүний үр дүнд нүүрсний экспорт эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны гэрээнд заагдсан тоо хэмжээнээс экспортын бүрдүүлэлт хийгдэх тухай бүрт хасалт хийгдэж, үлдэгдлийг цахимаар хянах, гааль татварын мэдээллийн нэгдсэн системд чиг үүргийн байгууллагууд бүртгэл хийж, хяналт тавих боломж бүрдэнэ хэмээн Гаалийн Ерөнхий газрын дарга мэдээлэлдээ онцлов. Түүнчлэн гаалийн төв болон салбар лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүний чанарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц иж бүрэн шинжилгээ хийх боломжтой болсон байна. Төв лабораторийг 2022 оны 10 дугаар сард БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлжээ. Шивээхүрэн боомтод 2022 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулалгүйгээр экспортын ашигт малтмал, нүүрс зэргээс автоматаар дээж сорьц авч, үнслэг, чийглэг, илчлэг болон зарим дагалдах химийн элементүүдийн агууламжийг тодорхойлох төхөөрөмж суурилуулан, туршилтаар ашиглаж эхэлсэн байна. Төхөөрөмжийг цаашид Гашуунсухайт, Булган зэрэг автозамын таван боомтод нэмж суурилуулахаар ажиллаж байгаа юм. Энэ бүхэн нүүрсний экспортод тавих хяналтыг түргэн шуурхай болгох, гаргаж буй нүүрсний чанар, орц найрлагад үндэслэн ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг бодитой тооцож, төвлөрүүлэх ач холбогдолтой" гэлээ.
Гаалийн Ерөнхий газар хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, ухаалаг гарцын системийг БНХАУ-ын системтэй холбох боломжийг судалж шийдвэрлэх, гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, алба хаагчдын хандлага, ёс зүй, сахилга хариуцлагад тавих хяналтыг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Дараа нь ерөнхий хяналтын сонсголд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал танилцуулга хийв. Тэрбээр, прокурорын хяналтад 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгагдсаныг танилцуулгынхаа эхэнд дурдав. Тэдгээрийн 32-т нь Авлигатай тэмцэх газар, дөрөвт нь Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тавд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Хэрэг бүртгэлтийн шатанд эдгээрийн 16 хэрэгт 72 хүнийг яллагдагчаар татаж, 8 хэргийг хаасан байна