Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, нийслэлд “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Уг төслийн хүрээнд нийслэлд нэг жилийн хугацаанд 83 км зам барих аж. “Шинэ тойрог зам”-ын урд хэсгийн авто замын урт нь 31 км бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн Маршалын, Зайсангийн, Яармагийн, Сонсголонгийн гүүрээр дайрч, баруун аймгууд руу салдаг тойрог уулзарт хүрэх гэнэ. Тэгвэл хойд хэсгийн урт нь 52 км бөгөөд Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замаас эхэлж, “Найрамдал”, Орбит, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Цагаан даваа, Улиастайг дайран, Баянзүрхийн гүүр хүртэл тавихаар төлөвлөсөн байна. Уг төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгах, мөн үүний хүрээнд барих авто зам, замын байгууламжийг Туул голын эрэг дагуух болон Хөшигийн хөндийн хурдны замтай холбох үүргийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт өглөө. Энэхүү “Шинэ тойрог зам” төслийг өнгөрсөн долдугаар сард нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн, дэмжиж байв. Тухайн үед холбогдох албаныхан уг төслийг 2026 он хүртэл буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ хэмээн мэдээлсэн юм. Харин энэ удаад Засгийн газраас ийнхүү нэг жилийн дотор барьж дуусгах үүрэг өглөө. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар өчигдөр нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгахаар шийдвэрлэв. Тодруулбал, үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашигласан автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байхыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Үүний дагуу тооцож үзвэл, өдгөө нийслэлийн нийтийн тээвэрт явуулж буй автобуснуудын 80 хувийг нь ашиглалтаас гаргана. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлийн хүрээнд нийслэлд 1000 орчим автобус шинээр авах хэрэгцээ шаардлага үүсэх нь.
Ташрамд дурдахад, “Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг ОХУ-тай эцэслэн тохирох асуудлыг судалж, зохих арга хэмжээ авах, нийслэлийн замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан боловсруулж буй хууль, тогтоомжийн төслийг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын эхний хагаст багтаан зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Бэлтгэсэн М.Оч