Нийслэлийн оршин суугчид мөс, дагтаршсан гудамжинд, бас гялгар хавтан гадаргуутай зам дээр халтирч унасаар, гар, хөл, хавиргаа хугалж, тархиа хөдөлгөсөөр. Тэр хэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал нэмэгдсээр. Үүнээс үүдэн явган зорчигчдын замыг халтиргаагүй байлгах арга бий юү гэдгийг эрэлхийлэхэд хүрлээ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Батбилэгээс энэ талаар лавлахад “Миний хариуцсан ажил биш” гээд Бодлого төлөвлөлтийн хэлтэст хандахыг зөвлөв. Уг хэлтсийн дарга Г.Баттогтох гадаадад яваа, мөд ирэхгүй гэнэ. Тус хэлтсийнхнээс авсан мэдээллээр бол манай улсад авто болон явганаар зорчих зам, барилга барих төрөл бүрийн материалуудыг тогтоосон стандарт бий аж. Тиймээс замын хучилтыг стандартын дагуу л хийдэг гэх мэдээлэл өглөө. Хэрэв тийм бол явган хүний замыг гялгар хавтангаар хийхээр тогтоосон стандартаа өөрчлөх шаардлага тулгарсныг өнөөгийн бодит байдал илэрхийлнэ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн “Бэлэн буй журмаа хэрэгжүүлээд байвал халтирч унах эрсдэл эрс багасна шүү дээ. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, их хүйтэрдэг оронд гадаадын өндөр хөгжилтэй улсуудад ашигладаг, явган хүний замыг доороос нь халаадаг, өртөг өндөртэй технологи зэргийг нэвтрүүлэх тухай яриад ч нэмэргүй. Их хүйтэрдэг газарт зам халаах технологи тохирдоггүй гэдгийг хэдийн баталсан. Бид ч үүний талаар их судалсан. Тиймээс манай одоогийн нөхцөлд цасаа сайн цэвэрлэх нь л чухал” гэв.
Цаашлаад явган хүний зам гулгуурын талбай болдог нь нийслэлийн Хот тохижилтын газар, тэр дундаа Тохижилт, үйлчилгээний албаныхны ажлаас хамаардаг болж таарав. Тус албаны дарга Г.Дөлгөөнмөрөнгөөс энэ талаар тодруулахад “Бид дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниудад шаардах хуудас өгдөг. Ойр орчмоо цэвэрлэх, цас, мөсгүй байлгах үүрэгтэй аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцох эрх бидэнд байхгүй. Зөвхөн сануулж, шаарддаг. Бидний ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ажилладаг төрийн бус байгууллагууд хянадаг юм” гэлээ.
Нийслэлийн ИТХ-аас баталсан Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам гэж бий. Уг журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл үүнийг хэрэгжүүлдэг нь ч ховор, хэрэгжилтийг хянадаг нь ч байдаггүй аж.
Үлгэр ч хүртэл жаргадаг даа. Гэтэл дээрх журамд заасны дагуу хэрэгжилтийг хянадаг, буруутай этгээдэд хариуцлага тооцох эрх бүхий субъектийг хайхад байдал иймэрхүү. Эцэст нь асуудал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дээр буух нь. Учир нь журмыг мөрдөх, хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах үүргийг бүх шатны Засаг дарга хүлээдэг. Тэгэхээр журмын хэрэгжилтийг хянаж чадахгүй байгаагийн хувьд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар та иргэд нийслэлийн гудамжинд халтирч бэртэн, эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хохирол амсаж буйн хариуцлагыг хүлээх болж байна. Халтирч унасны улмаас бэртэж, гэмтсэн иргэд тантай хариуцлага тооцох бол хүлээхэд бэлэн үү.
Бэлтгэсэн Р.Жаргал