“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал НПГ-аас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсний дагуу шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компанид давуу байдал бий болгож 360 000 ам.долларын хахууль авсан хэмээн буруутгаж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаалтын хэрэг нээсэн юм. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4-4-т заасан нийтийн албан тушаалтан их хэмжээний хахууль авсан үндэслэлээр Д.Ариунболдыг яллагдагчаар татах тогтоол НПГ-ын хяналтын прокурор баталсан аж. Улмаар шүүхээс дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа гэж үзэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
2016-2018 оны хооронд тус компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгуулж, цагдан хоригдсон тохиолдол ганц энэ биш. Түүнийг 2020 оны тавдугаар сарын 5-нд ч бас дээрх албан тушаалыг хашиж байхдаа бусдаас хахууль авсан хэмээн цагдан хорьж шалгаж байсан билээ.
Бэлтгэсэн Г.Орчлон