Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутагт дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулж, хууль бус загасчлалтай холбоотой зөрчил илрүүлжээ. Нуурын захад мөсөн цооног гаргаж, загасны тор тавьсан иргэнийг илрүүлж, сануулга, зөвлөмж өгсөн байна. Мөн Хээгцар, Хилэн зэрэг газарт цооног гаргаж, олон тооны загас барьсан ул мөр илрүүлсэн ч мөсөн замд үүсэж болзошгүй эрсдэлээс үүдэн шалгалтын ажиллагаагаа зогсоосон аж. Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл хангалттай хэмжээнд тогтоогүй энэ үед иргэд загас барих зорилгоор цооног гаргах, тээврийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол гарч байгаа нь байгаль хамгаалагчдын санааг чилээх болжээ. Иймд тус хамгаалалтын захиргаанааснутгийн иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээж, “Усанд барих барьц үгүйг санагтун” хэмээн анхааруулж байгаа гэнэ.