Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд энэ үеэр шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна. Тавдугаар сараас нөөцийг бэлдсэн гэдгийг танилцууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “1157 тонн бодис, 1341 тонн давс цацаад байна. Нөөц хангалттай байгаа хэдий ч гэр хорооллын зам, гудамжинд халтиргаа, гулгаа их үүсэж байгаа учраас ачаалал дийлэхгүй байх үе бий. 2023 оноос дүүргүүдтэйгээ шинэ менежментээр ажиллана. Машин, техникийг шинэчлэх ажил эрчимжиж байгаа” гэлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Томуугийн өвчлөл нийт амбулаторийн үзлэгийн 10-12 хувийг эзэлж байна. Ковид хоёр орон тоонд орсон. Жагсаалтай холбоотойгоор нэг ээлжид гурван баг ажиллаж байна. Өдрийн цагаар дуудлагаар, шөнийн цагт хоёр цаг тутамд үзлэг хийж байгаа. Мөн давхардсан тоогоор 340 хүнд үзлэг хийгээд байна” гэлээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.
- Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.
- Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах.
- Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
- Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг тус тус үүрэг болгов.