Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ. Тухайлбал, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 303 хүн 86 машин, техниктэй ажиллаж байна. Мөн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн. Өдгөө баруун, зүүн үйлдвэрт 14 шугам хэвийн ажиллаж, өдөрт 2000 тонн гаруй шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарт тогтмол хяналт тавьж, ажиллаж байгаа бөгөөд агуулах, борлуулалтын цэг, үйлдвэрлэж буй шахмал түлш, түүхий эдүүдээс дээж авч, шинжлүүлж байгаа юм. Мөн сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Үүнээс гадна жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэгдэв.