Украиныг аюулгүй байдлын эвсэлд элсүүлэх үүд хаалга нээлттэй хэмээн НАТО-гийн (Умард Атлантын эвсэл) Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдлээ. “Аюулгүй байдлын эвсэл” гэдэг нь өөрийн тэргүүлж буй НАТО-г хэлсэн нь тодорхой. Тэрбээр Украинд ОХУ-ын эхлүүлсэн дайныг Орос, НАТО-гийн хооронд бүрэн хэмжээний дайн болон хувирч болзошгүй гэж болгоомжилж буйгаа ч саяхан олны сонорт хүргэлээ. Өмнө нь “New York times” сонины сэтгүүлчийн асуултад хариулахдаа Путин Украинд ялалт байгуулж барууны улсуудын эрх чөлөө, энх амгалан амьдралд аюул учрах аваас Өрнөдийнхөн бүр ч өндөр үнэ төлөх шаардлагатай болно гэж онцолж байсан юм.
Энэ Йенс Столтенберг гэж хэн бэ? Тэрбээр1959 онд Норвегт төрсөн, төр, улс төрийн зүтгэлтэн, 2000-2001, 2005-2012 онд Норвегийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан, 2014 оны аравдугаар сараас НАТО-гийн 13 дахь Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй хүн юм.
Йенс Столтенберг Норвегийн нэртэй улстөрчийн гэр бүлд төржээ. Эцэг Торвальд Столтенберг нь тус орны улс төрийн томоохон хүчин-Норвегийн ажилчны намын нөлөө бүхий хүний нэг, Засгийн газрын бүрэлдэхүүнд нэг бус удаа багтаж, Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв. Эцэг нь элчин сайд (1960-1963 он) байснаас Йенс Столтенбергийн бага нас Югославт өнгөрсөн байна. Торвальд Столтенберг 1990-ээд онд Югославт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч байгаад дараа нь Норвегийн Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Ээж Карин Столтенберг (1931-2012) нь генетикч мэргэжилтэй, олон нийтийн нэрд гарсан зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд оролцогч байв. Тухайн үедээ марксист-леннист Ажилчны коммунист намын “Улаан залуус” байгууллагын идэвхтэн байсан эгч Камилагийнхаа нөлөөгөөр Столтенберг Вьетнамд АНУ-ын өдөөсөн дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцож байв. Осло хотноо дунд сургуульд сурч, 1987 онд нийслэлийнхээ их сургуулийн эдийн засгийн салбарыг төгсжээ.
Йенс Столтенберг Норвегийн зүүний хүчний албан ёсны дуу хоолой болж байсан нөлөө бүхий “Arbeiderbladet” сонины сурвалжлагчаар ажил, амьдралын гараагаа эхэлж, 1985-1989 онд Норвегийн ажилчны намын залуучуудын жигүүрийг толгойлов. 1980-аад оны эцэс 1990-ээд оны эхээр “ажилтан Стеклов” нууц нэрээр ЗХУ-ын Аюулаас хамгаалах хороотой хамтран ажиллах үүрэг хүлээсэн ч үүнээс татгалзаж энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. 1990-1992 онд Осло хотын намын байгууллагыг удирдаж, 1992 оноос Норвегийн ажилчны намынхаа орлогч дарга болжээ. 1993 онд анх удаа Стортинг (Парламент)-ийн депутатаар сонгогдож, хэд хэдэн удаа улиран сонгогдсон байна. 1997-2000 онд Парламентын эрчим хүч, аж үйлдвэрийн хороо, 2000 онд Ажилчны намын бүлгийг удирдав. 1996-1997 онд Турбьёрн Ягландын тэргүүлсэн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллав. 2000 оны гуравдугаар сараас хамгийн залуу Ерөнхий сайдаар ажиллаж эхэлжээ. Энэ албанд түүний нэрийг Христосынардын намын төлөөлөл, Кабинет толгойлж байгаад Засгийн газрын хямралын улмаас огцорсон Хьелем Магне Бунневик дэвшүүлсэн байна. Энэ Засгийн газар жил гаруйхан болов. 2001 оны есдүгээр сард болсон Парламентын сонгуулиар Норвегийн ажилчны нам 24 хувийн санал авсан нь түүхэндээ үзүүлсэн хамгийн муу үнэлгээ байлаа. Намын доторх хямралын улмаас Турбьёрн Ягландын оронд 2002 онд намын даргын суудалд очив. 2005 оны есдүгээр сард болсон Парламентын сонгуулийн дүнгээр Норвегийн ажилчны нам төвч үзэлтнүүд хийгээд Зүүний социалист намтай хамтран эвслийн Засгийн газар байгууллаа. Ингээд Йенс Столтенбергийн тэргүүлсэн Засгийн газар 2005 оны аравдугаар сарын 17-нд ажилдаа оров. 2009 оны есдүгээр сард болсон сонгуулиар Норвегийн ажилчны нам эвслийн холбоотнуудтай хүч хавсран Парламентад үлэмж олонхын суудал авснаар Йенс Столтенберг Засгийн газраа дахин бүрдүүлэх боломжтой болжээ. 2009 оны аравдугаар сард эмхлэн байгуулсан түүний танхимын шинэ бүрэлдэхүүн хүйсийн тэнцвэрт байдлыг (10:10) бүрэн хангаснаараа түрүүчийн Засгийн газраасаа ялгарч байлаа.
2006 онд умард бүс нутгуудтай, түүний дотор Оростой харилцах асуудлыг тусгасан стратегийн төлөвлөгөөг Йенс Столтенбергийн тэргүүлсэн Засгийн газар боловсруулав. Столтенберг Ерөнхий сайд байхдаа Оросын удирдагч Владимир Путин, Дмитрий Медведев нартай хэд хэдэн удаа уулзаж байжээ.
Андрес Брейвик гэдэг этгээд 2011 оны долдугаар сард Осло хотноо 77 хүнийг буудсан алан хядах ажиллагаа үйлдсэний дараа Норвегийн Засгийн газрын аюулаас хамгаалах салбарын үйл ажиллагаа ширүүн шүүмжлэлд өртөв. Энэ салбарт зарцуулах хөрөнгийг багасгасантайхолбоотой гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байлаа. Столтенберг Ерөнхий сайдын хувиар энэ эмгэнэлт явдлын хариуцлагыг өөртөө хүлээж “улс орныхоо ийм нарийн төвөгтэй цаг үед” албан тушаалаа орхихгүй гэж мэдэгдэв. 2013 оны есдүгээр сард нам нь сонгуульд эвслийн Засгийн газар төвхнүүлэх хэмжээний санал авч чадаагүй тул аравдугаар сард Столтенберг огцров.
Столтенберг албан тушаалын шатаар өгсөх явцдаа дэлхийн дулааралтай холбоотой асуудалд онцгойлон анхаарч байлаа. Энэ асуудалд олон нийтийн анхаарлыг татах зорилгоор 2008 оны нэгдүгээр сард Норвегийн Ерөнхий сайд нараас анх түрүүнд Өмнөд туйлд очив. Тэнд цаг уурын өөрчлөлтийг судлахад шаардлагатай мэдээллийг хиймэл дагуулаас хүлээж авдаг “ТролльСат” гэдэг станц нээжээ. Энэ салбарын асуудлыг тэрбээр бусад улсын удирдагчтай хийсэн бүх уулзалт дээр хөнддөг байжээ. Столтенберг 2013 оны аравдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын цаг уурын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч боллоо.
Йенс Столтенбергийг 2014 оны гуравдугаар сарын 28-нд Андерс Расмуссений оронд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, НАТО-гийн Зөвлөлийн даргаар томилов. Тэгэхдээ Украин дахь үйл явдлаас шалтгаалж тус эвсэл ОХУ-тай хамтын ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасны дараа аравдугаар сарын 1-нээс тэрбээр албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн аж. Түүнийг энэ албанд томилохыг Германы Канцлер Ангела Меркель санал болгосон байна. Ийм санаачилга гаргахын өмнө Меркель АНУ, Британийн дэмжлэгийг авч, цаашдаа НАТО-гийн гишүүн бусад улсаас дэмжлэг хүлээжээ. Столтенберг анхны мэдэгдэлдээ “ОХУ-тай үр бүтээлтэй хамтран ажиллахыг НАТО зорино” гэж онцлоод “Олон улсын хэм хэмжээг Укрианд Орос зөрчиж буйг таслан зогсоохыг хичээнэ” хэмээнхэлсэн байна. Хурандаа Сергей Скрипалийг хордуулахад Орос орныг Британи буруутгахад 2018 оны гуравдугаар сард тус вант улсад НАТО улс төрийн дэмжлэг үзүүлэхийг мэдэгдэж, үүнтэй холбоотойгоор НАТО-гийн дэргэдэх Оросын төлөөлөгчийн газарт 30 хүн ажиллаж байсныг 20 болгож цөөрүүлжээ.
НАТО-г Столтенберг удирдаж байхад эвслээс гаргасан ихээхэн чухал шийдвэрийн нэг нь Польш, Латви, Литва, Эстонид “Украины хямралтай холбогдуулан зүүн Европын гишүүн орнуудынхаа аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлэх” зорилгоор дөрвөн батальон байрлуулах тухай тохиролцоо юм. Черногор, Умард Македон 2017, 2020 онд энэ эвслийн гишүүн болсон. Столтенбергийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны намар дуусах байсан ч 2017 оны арванхоёрдугаар сард 2020 оны гуравдугаар сар хүртэл сунгасанаж. Мөн2020 оны есдүгээр сарын 30 хүртэл 2019 оны гуравдугаар сард дахин сунгасан юм. НАТО-г цаг үетэй нь нийцүүлж, өөрчлөн сайжруулж, ирээдүйтэй “хөл нийлүүлж” чадахуйц болгохоор Столтенбергийн гаргажбуйхүчинзүтгэлийгийм маягаар дэмжиж иржээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг дахин нэг жил хаана уу гэсэн саналыг хүлээж авч буйгаа 2022 оны гуравдугаар сарын 23-нд НАТО-гийн ээлжит бус дээд түвшний чуулган дээр Столтенберг мэдэгдэв. Гэтэл түүнийг Норвегийн Төвбанкны тэрүүний албанд 2022 оны хоёрдугаар сард томилчихов. НАТО дахь албаныхаа хугацааг дуусгаад энэ ажилд очихоо тэрбээр мэдэгдлээ.
Түүний гэргийг Ингрид Скулеруд гэдэг бөгөөд дипломатч мэргэжилтэй. 1989 онд төрсөн хүү Аксель нь Ослогийн их сургууль төгсөж, дараа нь Шанхайд суралцаж хятад хэлтэй болжээ. Охин Анна Катарина нь 1992 онд төржээ. Столтенберг нэгэнтээ Норвегийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа ямар нэг шашин шүтлэггүй гэсэн байна. Түүний хэлснээр бол “хүмүүс бид байгаль хийгээд түүний сүр хүчний дэргэд тун өчүүхэн” ажгуу.