Нийслэлийн ЗДТГ-аас Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төсөлтэй хамтран есөн дүүргийн хороодын дунд “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум-2022”-ыг зохион байгууллаа. Уг форум нь хороодын дунд сайн туршлагыг хуваалцах, тэргүүний арга, аргачлалыг дэлгэрүүлэх, бие биеэсээ суралцах, хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2015-2022 оны хооронд хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд харилцан суралцах арга зүйг ашиглан “Хороод шилдэг туршлагаа тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах нь” сэдэвт болзолт уралдааныг хороо, дүүргийн түвшинд зарласан. Ийнхүү 2022 оны нэгдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилсэн болзолт уралдаанд нийт 180 хороо оролцож, 248 сайн туршлагаа тодорхойлсон байна. Эдгээр сайн туршлагаа www.manaikhoroo.mn системд бүртгэж, бусад хороотойгоо хуваалцсан юм. Болзолт уралдаанд амжилттай оролцож, сайн туршлагыг санаачлан нутагшуулсан, бусдынхаа сайн туршлагыг амжилттай нэвтрүүлсэн шилдэг зургаан хороог форумын төгсгөлд шалгаруулан, шагнал гардууллаа.
Сонгинохайрхан дүүргийн II хорооны Засаг дарга Б.Гантуяа “Манай хороо хотын төвөөс нэлээд алслагдсан, гэр хороолол ихтэй. Бид “Цахим хороо-цахим хэсгийн ахлагчдын баг” гэх сайн туршлагаа 2019 онд санаачлан, өнөөг хүртэл хэрэгжүүлж байна. “Ковид-19” цар тахлын үед уг сайн туршлагаа түлхүү ашиглаж, хөгжүүлэн, бусдад сурталчлан таниулах арга зүйгээ зөв тодорхойлж чадсан. II хороо нь 11 хэсэгтэй. Хэсэг бүр цахим орчинд чатбот ажиллуулж, иргэд, оршин суугчдад мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн, ажлаа тайлагнадаг болсон. Мөн төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх боломж бүрдээд байна. Өмнө нь цаасан судалгаа авч, боловсруулдаг байсан бол одоо цахим хэлбэрт шилжүүлснээр цаг хэмнэх давуу тал бий боллоо. Бидний санаачилсан уг сайн туршлагатай бусад дүүргийн 16 хорооныхон ирж танилцсан. Мөн туршлагаа солилцсон. Бид дотоод хүний нөөцөө ч тогтмол хөгжүүлж байгаа. Тиймээс уг туршлагаа цаашид илүү хөгжүүлэх нөөц боломж бидэнд бий” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.