Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргын орлогч болон ерөнхий архитектор, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг өнгөрсөн онд баталсан. Үүний дагуу нийслэлийн удирдлагууд иргэдтэй уулзаж буй. Тэгвэл энэ сарын 13-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн Г.Лхагвасүрэнг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Иргэн Г.Лхагвасүрэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу усны нэгдсэн менежмент, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ сэргээгдэх эрчим хүчний 2030 оны хөгжлийн чиг хандлагын төлөвлөгөө, менежментийн арга, аргачлалыг боловсруулж, 2013 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор батлуулсан тухайгаа онцолсон. Мөн цаашид аймаг, нийслэлд уг тогтоолыг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллахад дэмжлэг хүссэн юм. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд үүний хүрээнд нийслэлд хийж буй ажлуудыг хариуцан хэрэгжүүлдэг Хот байгуулалт, хөгжлийн газар болон холбогдох бусад байгууллага, нэгжид хүсэлтийг нарийвчлан судалж, хариу өгөхийг үүрэг болголоо.