Бор гөрөөс хотын төвд явж буй дүрс бичлэг саяхан цахим сүлжээнд тархсан. Мөн үүнээс өмнө Богдхан уулын Нүхтийн амны суурьшлын бүсийн ойролцоо халиун бугын сүрэг бууж ирснийг иргэд зураг, дүрс бичлэгт буулган, олон нийтийн сүлжээнд түгээсэн юм. Суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн тохиолдол сүүлийн үед хэчнээн бүртгэгдсэн, тухай бүрт ямар арга хэмжээ авч байгаа талаар нийслэлийн Байгаль орчны газрынхнаас тодруулахад “Улаанбаатар хот орчимд 54 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн. Бор гөрөөс, халиун буга зэрэг туруутан амьтан өвөл, хаврын тарчиг цагт идэш тэжээл хайж суурьшлын бүсэд орж ирэх нь олон. Сүүлийн саруудад харьцангуй тайван байна. Бор гөрөөстэй холбоотой ганц тохиолдол бүртгэсэн” гэв.
Нийслэлийн Байгаль орчны газрынхан Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005 болон албаныхаа 318003 утсаар зэрлэг амьтадтай холбоотой дуудлага, мэдээлэл хүлээн авч буй гэнэ. Бор гөрөөс хотын төвд орж ирсэн өдөр иргэд шуурхай удирдлагын төвийн утсанд мэдээлэл ирүүлжээ. Нийслэлийн Байгаль орчны газрын амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Тэнгис “Бид дуудлага хүлээн авснаас 30 гаруй минутын дараа гөрөөсний байршил бүхий газарт очиход машинд дайруулж үхсэн байсан. Цагдаагийн байгууллагынхан уг амьтныг дайрсан иргэнээс мэдүүлэг авч шалгаад, хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн юм билээ. Бид гөрөөсний цогцсыг тухайн иргэнээс авч, стандартын дагуу устгасан. Эл амьтан дархан цаазат Богдхан уулаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дамжиж, хотын төвд ирсэн байх магадлалтай. Туруутан амьтад суурьшлын бүсэд нэвтрэх тохиолдол элбэг ч үүн шиг хотын төв хэсэгт орж ирсэн нь ховор” гэв.