Монгол Улсад орж ирээд гэмт үйлдэл өдүүлэхийг завдсан 800 гаруй хятад хүнийг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө саатуулсан нь тухайн үедээ дуулиан тарьж байсан билээ. Эл хэргийн нэг холбогдогч, БНХАУ-ын иргэн Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлаж, бусдад нь ял шийтгэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн 2019 оны ес болон аравдугаар сараас хойш БНХАУ-ын 818 иргэн сууж байсан бөгөөд тэднийг 15 хүн зохион байгуулан манай улсад оруулж, гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. НПГ-аас гол зохион байгуулагч 15 хүнийг Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”, 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэж, бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болсон. Мөн тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утаснууд, есөн автомашин, бэлэн мөнгө зэрэг 110 нэр, төрлийн эд зүйлийг улсын орлогод оруулахаар болсон юм. Тэгвэл БНХАУ-ын иргэн Лью Тинхуад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саяхан хэлэлцэн шийдвэрлэлээ. утаг нэгтнүүдтэйгээ хамтарч 2019 оны есдүгээр сарын 27-нд Тайландын Вант улсын “Стар петролиум рифинг паблик компани лимитед” болон АНУ-ын “Шеврон Юү Эс Эй Инк” гэх шатахуун үйлдвэрлэгч компанийн хоорондоо харилцаж байсан цахим хаягт халдаж, төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч цахим шуудан Тайландын компани руу илгээн, 22.4 сая орчим ам.доллар нэхэмжлэн авч хохирол учруулсан гэж буруутгасан байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Лью Тинхуад хаалттай хорих ангид 12 жил хорих ял оноожээ.