Баянгол дүүргийн V хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Күүл” авто угаалгын газар зөвшөөрөлгүйгээр худаг гарган гүний ус ашиглаж байсныг Туул голын сав газрын захиргаа, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны хамтарсан шалгалтаар илэрүүлжээ. Эл хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг УСУГ болон Туул голын сав газрын захиргаанд иргэн Н ирүүлснээр холбогдох албаныхан чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалт хийсэн аж. Ингэхэд авто угаалгын газрынхаа дотор худаг гаргаж, хийн шахуургаар гүнээс ус татан, автомашин угааж байжээ. Үүнийгээ нуун далдалсан байсан гэнэ. Цагдаа нар тус газрыг түрээслэн ажиллуулдаг хүмүүсээс мэдүүлэг авч, хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.