“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон УИХ-ын таван гишүүн өчигдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэдэнтэй АТГ-аас ямар нэгэн байдлаар холбогдоогүй, нэрсийг нь гэнэт зарласныг гишүүн Ш.Раднаасэд тодотгоод, “Дарга нарыг дагаж гүйдэггүй, илүү, дутуу юм ярьдаггүй хүмүүсийг хэрэгт холбогдууллаа” хэмээн хууль бус зүйл хийгээгүйгээ мэдэгдэв. Гишүүн Б.Баттөмөр “Далд эдийн засагт нүүрсний хулгай томоохон байр суурь эзэлж байгааг ил болгох талаар би байнга ярьдаг. Тиймээс сануулга өгөх гэж нэрийг маань зарлалаа. Би Тавантолгой гэдэг газрыг ч мэдэхгүй, хүнээр заалгаж л очно. “Эрдэнэс Тавантолгой”-н оффис нь хаана байдгийг ч мэдэхгүй. Захирлаар нь ажиллаж байсан Б.Ганхуягийг зүс танина. Надад нүүрсний гэрээ, тээврийн машин ч байхгүй. Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан “Тэс петролиум” компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумд хоёр, гурван шатахуун түгээх станц ажиллуулдаг. Тэнд гэрээ хийж, мөнгөө шилжүүлээд, шатахуун худалдаж авдгаас өөрөөр надад хамаатуулах юм юу ч байхгүй” хэмээгээд хулгай хийсэн бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлж, хариуцлага хүлээхээ илэрхийллээ.
Харин гишүүн Н.Наранбаатар 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсантай нь холбогдуулан нэрийг нь зарласныг дурдаад, “Тавантолгойн орд Өмнөговь аймагт бий. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомт ч байгаа учраас намайг холбоотой байж магадгүй гэж нэрлэсэн байх. Уг нь “нүүрсний” гэх хэргийг хянан шалгаж байгаа түр хороонд миний бие ажиллаж байгаа. Жагсагчид нэрс нэхээдбайхаар биднийг “хаяж” өгч байгаа юм байлгүй. Миний хөрөнгө, орлого ч өсөөгүй” гээд эл хэрэгтэй холбоогүйгээ онцолсон юм.
Гишүүн Ц.Анандбазар “Нүүрсний хулгай тойрсон асуудал удаан үргэлжлэх байх. Ард түмэнтэйгээ нийлж хэрэгтнүүдийг илрүүлнэ, төлүүлнэ. Долдугаар ангиасаа хойш нүүрс барьж үзээгүйгээ хэлэхээр зарим хүн шоолоод байх юм. Унтаж буй баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөдөө гомдох цаг ирнэ. Магадгүй УИХ-ын сонгуулийн “сурталчилгаа” эхэлсэн байх” гээд иргэдийн ипотекийн зээлийг нүүрсний хулгайн мөнгөөр төлүүлэх хуулийн төслийг ирэх жил өргөн барихаа дуулгалаа. Мөн тэрбээр УИХ дахь намын бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх “бүлэг” байгуулах гэнэ.
Түүнчлэн гишүүн Ц.Сэргэлэн “Хилийн тагнуулын байгууллага Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд байсныг 2012-2016 оны УИХ хууль баталж, татан буулгасан юм. Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгаж, чиг үүргийг нь энгийн байгууллагад шилжүүлсэн. Одоо Тагнуулын ерөнхий газрын бүтцэд бий. Би ч тухайн үед албаа хүлээлгэн өгөөд 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан. Энэ хугацаанд “Импар газ” компанид ажилласан юм. Тус компани байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байснаас нүүрстэй ямар ч холбоогүй. Ер нь намайг харлуулах зорилготойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн удаа худал зүйл цацсан. Цаад эзнийг нь мэдэж байгаа” гээд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа хэллээ. Улмаар нэр төрөө сэргээлгэж, хохирлыг нь барагдуулсан мөнгөөр тойргийнхондоо гэр авч өгөх гэнэ.
Бэлтгэсэн Б.Уран