“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас жил бүр нийтэлдэг сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, зүй бус үйлдлийн талаарх тойм тайланд дурдсанаар өдгөө дэлхийн хэмжээнд 533 сэтгүүлч цагдан хоригдож байна. Энэ нь олон жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Бусдын гарт амиа алдсан сэтгүүлчдийн тоо энэ онд 57 хүртлээ нэмэгдсэн бол 65 сэтгүүлч барьцаалагдаж, 49 нь сураггүй алга болжээ.
Өнгөрсөн жилийн дээд үзүүлэлт дахин эвдэгдэв. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар нийт 533 сэтгүүлч эрхэлж буй ажлынхаа улмаас хоригдож буй нь өнгөрсөн оныхоос 13.4 хувиар өсчээ. Урьд өмнө ийм олон эмэгтэй сэтгүүлч цагдан хоригдож байсангүй. Одоогоор нийт 78 сэтгүүлч хоригдож байгаа бөгөөд энэ нь 2021 онтой харьцуулахад бараг 30 хувиар өсч, дээд хэмжээндээ хүрлээ. Таван жилийн өмнө 7-оос бага хувьтай байсныг бодоход, өдгөө хоригдож буй сэтгүүлчдийн 15 шахам хувь нь эмэгтэйчүүд байна.
Цагдан хяналт, мөрдөн тагнах ажиллагаа туйлын хэмжээнд хүрсэн Хятад улсад одоогийн байдлаар нийт 110 сэтгүүлч буюу дэлхийд хамгийн олон сэтгүүлч хоригдож байна. Тэдний дотор авлига, үйлдвэрийн бохирдол, эмэгтэйчүүдийн эсрэг дарамт шахалтыг сурвалжилдаг хараат бус сэтгүүлч Хуан Шюэчин байна. Түүнчлэн үлэмж хэлмэгдүүлэлт явагддаг Исламын Бүгд Найрамдах Иран Улс эсэргүүцлийн томоохон жагсаал цуглаан болсноос хойш ердөө нэг сарын дараа 47 сэтгүүлчийг хорьсноор дэлхийд гуравт орж байна. Баривчлагдсан анхны сэтгүүлчдийн дунд Ираны залуу курд эмэгтэй Махса Аминигийн үхэлд олны анхаарлыг хандуулахад тусалсан Нилуфар Хамеди, Элахе Мохаммади хэмээх хоёр эмэгтэй байсан. Тэд цаазаар авах ял шийтгүүлсэн.
“Дарангуйллын болон захиргаадалтын дэглэмүүд сэтгүүлчдийг хорьж, шоронгуудаа урьд өмнөхөөсөө илүү хурдан дүүргэж байна. Хоригдож буй сэтгүүлчдийн дээд хэмжээндээ хүрсэн энэ үзүүлэлт нь ийм бурангуй засгийн газруудыг эсэргүүцэж, сэтгүүл зүйн эрх чөлөө, хараат бус байдал, олон ургальч үзлийг эрхэмлэгч хэн бүхэнд эв санааны нэгдлээ илэрхийлэх зайлшгүй шаардлагатай тулгарсныг батлаж байна."
RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар
Амиа алдсан сэтгүүлчдийн тоо ч мөн өсөн нэмэгдсэн. 2022 онд 57 сэтгүүлч мэдээ бэлтгэх хүсэл эрмэлзлийнхээ төлөө амь насаа золиосолсон нь хоёр жилийн хугацаанд харьцангуй тайван, түүхэн доогуур үзүүлэлтийн дараа 2021 онтой харьцуулахад 18.8 хувиар өсчээ. Үүний нэг шалтгаан нь 2022 оны 2 дугаар сарын 24-нд Украинд эхэлсэн дайн юм. Дайны эхний зургаан сард найман сэтгүүлч амиа алдсан. Тэдний дотор 3 дугаар сарын 13-нд орос цэргүүдэд санаатайгаар буудуулж нас барсан Украины гэрэл зургийн сэтгүүлч Макс Левин, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сурвалжилж байхдаа тэсрэх бөмбөгний хэлтэрхийд өртөж амь үрэгдсэн BFMTV мэдээний сувагт ажиллаж байсан Францын видео сурвалжлагч Фредерик Леклерк-Имхофф нар байжээ.
Үүний зэрэгцээ, 2022 онд амь үрэгдсэн сэтгүүлчдийн 60 гаруй хувь нь тайван гэж тооцогддог улс орны нутаг дэвсгэр дээр амь насаа алджээ. Зөвхөн Мексикт 11 сэтгүүлч алагдсан нь дэлхий даяар амиа алдсан нийт сэтгүүлчдийн 20 орчим хувийг эзэлж байна. Мексик, Гаити (зургаан сэтгүүлч амиа алдсан) болон Бразил (гурван сэтгүүлч амиа алдсан) улсын тоо баримт нь Америк тивийг хэвлэл мэдээлэлд хамгийн аюултай бүс нутаг болгоход нөлөөлсөн. Энэ нь 2022 онд дэлхий даяар амиа алдсан нийт сэтгүүлчдийн тал хувийг (47.4%) эзэлж байна.
2022 оны тойм мэдээгээр одоогийн байдлаар дор хаяж 65 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан барьцаанд байна. Тэдний тоонд Мали дахь Аль-Каидатай холбоотой зэвсэгт бүлэглэл болох Ислам ба лалын шашинтнуудыг дэмжих бүлгийнхэнд 20 гаруй сар баривчлагдан хоригдож байсан Францын сурвалжлагч Оливье Дюбуа, 10-аад жилийн өмнө Сирид хулгайлагдсан Америкийн сэтгүүлч Остин Тайс нар орж байна. Мөн түүнчлэн 2022 онд дахин хоёр сэтгүүлч сураггүй алга болсноор одоогийн байдлаар сураггүй алга болоод буй сэтгүүлчдийн тоо 49-д хүрчээ.
Уг тойм тайланд Оросын шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэг, цахим сүлжээнд нээлттэй байсан "төрийн нууц"-ыг задруулсан хэргээр 22 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Иван Сафроновтой холбоотой хэрэг зэрэг олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар мэдээлсэн. Энэ нь 2022 онд RSF-ийн бүртгэсэн хамгийн урт хугацааны ял шийтгэл байв. Түүнчлэн, Бразилийн Амазоны алслагдсан хэсгээс мөчилсөн цогцос нь олдсон Британийн сэтгүүлч Дом Филлипсийн хэргийн талаар дурдана. Тэрбээр хулгайн ан, хууль бус алт олборлолт, ой модыг устгах явдалтай тэмцэхэд чиглэсэн нутгийн уугуул иргэдийн тэмцлийг судлахаар тийшээ очсон байдаг.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь 1995 оноос хойш тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд цуглуулсан нарийн тодорхой тоо баримтад тулгуурлан сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, зүй бус үйлдлийн талаар жил бүр тойм тайлан гаргадаг. 2022 оны тойм тайланд орсон тоо баримт нь мэргэжлийн сэтгүүлчид, мэргэжлийн бус сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хамаарна. RSF нь саатуулагдсан, хулгайлагдсан, сураггүй алга болсон эсвэл нас барсан сэтгүүлч бүрийн хэрэг тэдний сэтгүүл зүйн үйл ажиллагаатай шууд хамааралтай эсэхийг баттай буюу итгэл төгс нотлохуйц дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулдаг. Ашигласан арга зүйгээс үүдэн манай тоо баримт, бусад байгууллагынхаас ялгаатай байж болно.
Эх сурвалж: https://rsf.org/en/new-record-number-journalists-jailed-worldwide