Нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харги болон тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нарыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилт бүхий, дээрх банкны “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт тулгамдаж буй асуудлыг байгаль орчинд ээлтэйгээр шийдвэрлэх төсөл санаачлах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна. ЕСБХБ нь уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор олон улсын 50 гаруй хоттой нийтийн тээвэр, хөрс, агаарын бохирдол, эрчим хүчний хэмнэлттэй бүтээн байгуулалт, ус, хог хаягдлын менежмент, хотын удирдлага, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр “Ногоон хөгжлийн зорилт”-ыг дэвшүүлэн хамтран ажиллаж буй аж. Улаанбаатар үүнд нэгдсэнээр тус банкны тусламжтайгаар олон улсын сайн туршлагыг судлан, хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах бодлого баримтлах бөгөөд одоогийн нийслэл төдийгүй шинээр байгуулах дагуул хотуудыг төлөвлөхөд ихээхэн ач холбогдолтой гэнэ.
ЕБСХБ-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харги “Ногоон хот” хөтөлбөрийн ерөнхий үйл ажиллагааны төлөвлөгөөг орчин үеийн хөгжлийн чиг хандлагын дагуу “Дижитал & ухаалаг хот” концепцод тулгуурлан боловсруулах нь зүйтэй” гээд Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах боломжтойг мөн дурджээ.