Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр зарласан. Тэдний дунд АН болон МАН-ын гишүүдийн нэрс хүртэл байв. Тодруулбал, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Бат-эрдэнэ нар байна. Харин МАН-аас таван УИХ-ын гишүүн нэр холбогдсон. Тэд уг мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр АТГ-ын гадаа өөрсдийгөө өмөөрч дараах мэдээллүүдийг өглөө.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 40 их наяд төгрөгийн хулгайг ордон дотроос хайх хэрэгтэй
-АТГ-аас бид таваас ямар нэгэн мэдүүлэг аваагүй. Гэнэт нүүрсний хулгайн хэрэгт нэр холбож зарласан. Гишүүд өчигдөр тайлбар мэдээлэл өгсөн байна лээ. Бүгд гэм буруугүй гэдгээ илэрхийлсэн. Харин гэмт хэрэгтэн ард нь үлдэж байна. Гэм зэмгүй, дарга нарыг дагаж далдганадаггүй таныг дэмжиж байна гэж илүү дутуу юм ярьж өрөө тасалгаагаар нь орж явдаггүй. Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бидний нэрийг зарлаж байна.
Миний авсан мэдээллээр прокурор болон хуулийн байгууллагаас нэр гараагүй. Энэ бол намаас өгсөн нэр юм байна. Бодит үнэнийг шалгах гэж байгаа бол шалга. Харин шалгаж чадахгүй бол АТГ өөрөө татан буугдах ёстой. Талбай дээр 8, 9 хоног зогсож байгаа ард иргэдийн уурыг намжааж, жагсаалыг тараахын тулд нэр зарласан болж байгаа бол эндүүрч байна. Өмнө нь олон удаа ийм юм болсон. Энэ бол танил сценар. Хөөн хэлэлцэх хугацаа, өмд гутал, ЖДҮ гэх мэт. Би үүнтэй холбоогүй. Тэр болгонд дуугүй байсан. Цаг хугацаа үнэнийг харуулах болов уу гэж бодож явдаг байсан. Одоо бол хэтэрч байна. Аливаа юманд хязгаар бий. Тиймээс энэ байдлыг АТГ-аас тодруулна.
Ер нь 40 их наяд төгрөгийн хулгайг хийвэл гудамжнаас хийж чадахгүй. Тэр ордон дотор хийнэ. Ордон дотроос хулгайг зохион байгуулна. Тийм учраас ордон дотроос хулгайг хайх хэрэгтэй гэх тайлбарыг өгөв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Тавантолгой гэдэг газрыг хаана байдгийг ч мэдэхгүй
-Би нам дотроосоо хамгийн анх авлигал гэдэг зүйлийг ярьж, гаргаж тавьж байгаа хүн. Авлигал хаана их байна, тэнд хөгжил сул байдаг. Монголын авлигал ардчилагдсан буюу ил тод болчихсон гэдгийг би анх хэлсэн. Гэтэл надад үүний төлөө сануулга өгөх гэж байгаа юм уу гэмээр энэ асуудалд миний нэрийг холбосон..
Би Тавантолгой гэдэг газрыг хаана байдгийг ч мэдэхгүй. Хэрвээ очихоор бол хүнээр л заалгаж очно. Тэр хулгай нүүрлэчихсэн Эрдэнэс Тавантолгойн оффис хаана байдгийг ч мэдэхгүй. Захирал Б.Ганхуяг гэж хүнийг нь зүгээр л зүс танина. Түүнээс биш уулзаж байгаагүй. Надад хийсэн гэрээ байхгүй, би машин явуулдаггүй. Яагаад би үүнд холбогдчихсоныг мэдэхгүй байна. Гэмгүй хүнийг гэмтэн мэт зарлаж байгаатай хатуу тэмцэнэ гэв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Хулгайч нараа далдлахын тулд биднийг өмнө нь "хаяж" байгаа гэж бодож байна
-Би өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэнд Тавантолгойн нүүрсний уурхай байдаг учир намайг нүүрсний хулгайд холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би энэ асуудалтай ямар ч холбоогүй. Миний хөрөнгө орлого нэмэгдсэн зүйл байхгүй. Хөрөнгийн мэдээлэл нээлттэй бий.
Талбай дээрх жагсагчдыг нэр зарла гэхээр хулгайч нараа далдлахын тулд биднийг өмнө нь "хаяж" байгаа гэж бодож байна. Дуудсан, мэдүүлэг авсан зүйл байхгүй. Өмнөговийн бүх л дарга нарыг оруулчихсан байна лээ. Оффтейк гэрээ байгуулагдсан нь намайг Засаг даргаар ажиллаж байх үед хийгдсэн юм билээ. Тэр гэрээнүүд аймагтай ямар ч хамааралгүй. 100 хувь төрийн өмч шүү дээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Би бурханы шашинтай хүн. Хулгайг үзэн яддаг
-Өнөөдөр их сайн юм болж байна. Нүүрсний хулгай удаан үргэлжлэх байх. Ард түмэн ядуу амьдарч байхад ийм том хулгай хийнэ гэдэг байж болохгүй. Цаашдаа энэ асуудал удаан үргэлжлэнэ. Бид нэр төрөө сэргээлгэж авъя.
Ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайчдыг бүгдийг илрүүлж, ядарсан ардын ипотекийн зээлийг нүүрсний хулгайчдын мөнгөөр төлүүлнэ. Огт хамаагүй УИХ-ын гишүүдийг яаж олж чадсан юм гэмээр ийм сонин баримт дэлгэлээ.
Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би бурханы шашинтай. Хулгайг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ.
Би бүлэг дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Намайг хүчирхийллийн хэрэгт холбосон. Цаанаасаа захиалгатайгаар жинхэнэ хулгайчийг олон ард түмний итгэлийг мухардуулж байгаа нэг арга. Тэглээ гээд бид бууж өгөхгүй.
Нүүрсний хугайн хэрэгт нэр холбогдсон гишүүдэд ямар сэжүүр байхгүй. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ.
Би нүүрсний уурхайг огт сонирхдоггүй. Нэг ч лиценз байхгүй.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна
-Хилийн тагнуулын байгууллага Хил хамгаалах ерөнхий газарт байсан юм. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-аас хууль гаргаж, хилийн тагнуулын байгууллагыг татан буулгасан юм. Одоо Тагнуулын ерөнхий газрын бүтцэд байдаг. Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгаж, чиг үүргийг нь энгийн байгууллагад шилжүүлсэн. Би бас ажлаа хүлээлгэн өгсөн. Би гомддоггүй. Өнгөрсөн хугацаанд 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан. Ажилгүй хүн Монгол Улсад бүртгэлтэй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аль ч аж ахуйн нэгжид ажиллаж, цалин авах эрхтэй.Тиймээс би "Импар газ" компанид ажиллаж, цалин авч байсан. Энэ компани байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байсан. Нүүрстэй ямар ч холбоо байхгүй. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Хуулийн байгууллагад шалгуулахад ямар ч асуудал байхгүй.
Хуулийн байгууллага шалгаж тогтооно. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Нэр төрөө сэргээлгэхдээ үнэлж, надаас маш олон тойргийн гишүүд гэр хүсдэг юм. Тэр хүсэлтийг нь биелүүлнэ