Чингэлтэй дүүргийн III хорооны 15 дугаар байрны гадаах, орц хэсгийн цасыг уржигдар ийнхүү шүүрдэж байсан юм. Өчигдөр 12.40 цагт харахад өнөөх бүсгүй мөн л цасаашүүрдэж байв. Тэнд мөс тогтсонгүй, гулгаа үүссэнгүй. Мөн өчигдөр 09.40 цагийн үед “Голомт” хотхоны хашаан дундуур гарахад дөрвөн үйлчлэгч, хоёр харуул нь шүүр, хуванцар гаапуу, хүрз зэргээр “зэвсэглэчихсэн”, бүгд нэг дор, ар араасаа гэсэн зохион байгуулалттайгаар цас шүүрдэж байна билээ. Тус хотхоны хашаан дахь явган хүний зам дээр дагтаршсан мөс байхгүй.
Нийслэлийн ТҮК-иудын удирдлагууд тэднийажилладаг зарчмаар хүнийхээ нөөц, хүчийг цаг агаарын байдалтай холбон зохицуулдаг бол Улаанбаатар одоогийнх шиг мөсөн гулгуурын талбай болохгүй. Бас зам, талбайн үйлчлэгч нар ч хүрзээр хөлдүүс нүдэхгүй, тэр хэрээр хөдөлмөрөө ч хөнгөвчлөх боломжтой билээ. Монголчууд хэзээнээс цас орсон даруйд буюу дагтаршихаас нь өмнө шүүрдэж, хэрэгтэй газар луугаа зам гаргадаг л байсан. Шинэзүйл биш. Өдгөө үүнийг хэрэгжүүлэхэд гагцхүү санаачилга дутаж байна. Түүнчлэн Хог хаягдлын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага бүр ойр орчмынхоо 50 метр газрыг хариуцаж, цасыг нь цэвэрлэх үүрэгтэй. Байгууллагууд ч дээрх жишгээр ажиллаад сурчихвал явган зорчигчид мөсөн замаар алхах гэж зүдрэхгүй сэн.
Бэлтгэсэн Р.Жаргал