Гурилын үнэ нэмсэн компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Тодруулбал, буудайн гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Од групп” ХХК-ууд буудайн гурилын үнийг нэгэн зэрэг нэмсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлжээ.