Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар шийдвэрлэв. Тодруулбал, тус компанийн уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг ТУЗ болон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид тус тус даалгалаа.
Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох талаар судалж, танилцуулах ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан ахална.
Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой, төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгож, тус компанийн албан ёсны сайтад байршуулжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуралдааны талаар мэдээлэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож, цахим хуудсанд нь байршуулна” гэв. Үүнээс гадна тэрбээр жагсагчидтай уулзахдаа “нүүрсний” гэх тодотголтой хэрэгт холбогдон шалгуулж байгаа албан тушаалтнуудыг өнөөдөр нэрлэхээ хэллээ. Мөн тус хуралдаанаар “Тавантолгой төмөр зам” компанид зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилон, ажлыг нь хүлээлгэн өгөв.
Бэлтгэсэн Б.Уран