Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн сарын сүүлчээр УИХ-ын даргад өргөн барьсан. Тэр цагаас хойш аялал жуулчлалын салбарт талцал, шүүмжлэл тасарсангүй. Засгийн газрын тэргүүн “Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлага тулгарч байна. Иймд өөрийн орны онцлог, олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэн энэхүү хуулийн төслийг боловсрууллаа” хэмээн онцолсон юм. Харин салбарын бизнес эрхлэгч, судлаач, мэргэжилтнүүд үүнийг дэлхий нийтийн жишиг, чиг хандлагыг сөрсөн, Монголын аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдалд нийцэхээргүй, бизнес эрхлэгчдийг дэмжих бус, “боомилох” зохицуулалтуудтай хэмээн шүүмжилсэн. Зарим нь 2000 онд баталсан хуучин хуулиас ч дор үзэл баримтлалтай гэж үзэж байна.
Уг хуулийн төслийг боловсруулах ажилд салбарын яам, холбогдох төрийн байгууллагынхнаас гадна хөндлөнгийн судлаач, эксперт, бизнес эрхлэгч, орон нутгийн иргэд, хууль зүйн салбарын мэргэжилтэн гээд шаардлагатай бүх талыг оролцуулсан гэж байгаа ч тэдний эрх ашгийг тэнцвэртэй хангаж чадаагүй хэмээн олон нийт дүгнэв. Уг хуулийн төслийг өргөн барьж, цахимд нээлттэй байршуулсны дараа салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, мэргэжлийн холбоод хэвлэлийн хурал хийхдээ тулж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд ажлын хэсгийг өргөтгөж, дахин бүрдүүлэхээр болсон юм. Мөн олон нийтийн саналыг харгалзан зарим зүйл, заалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн гэж яамнаас мэдээлсэн. Эндээс уг хуулийн төслийг боловсруулахдаа эхнээсээ хариуцлагагүй хандсан, эрх тэгш оролцоог хангаагүй, нэгдсэн ойлголтод хүрээгүй гэдэг нь харагдаж байна. Аялал жуулчлалын салбарынхан зөвшилцөл, нэгдсэн ойлголтод хүрсэн, зарим шийдвэрээ эргэж харахаар болсон гэж хуулийн төсөл боловсруулагчид мэдээлж буй ч зарим хүн “Төсөлд бидний саналыг тусгасан, эсэх нь эргэлзээтэй. Цахимд оруулсан хувилбар нь лав хэвээрээ байна. Нөхцөл байдал хаашаа эргэхийг таашгүй” хэмээн ярилаа.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод утаагүй үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Мөн 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож зарласан. Үүний бэлтгэл хангаж, аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд хөл дээр нь босгохын тулд уг хуулийн төслийг энэ онд багтаан батлуулах зорилт дэвшүүлснийг Засгийн газрын тэргүүн ч, БОАЖ-ын сайд ч хэлсэн. Үүнийг Эдийн засгийн байнгын хороогоор өнөө маргаашгүй хэлэлцүүлэхээр болж байх шиг. Салбарынхан нь “Хуулийн төслөө эргэж харах шаардлагатай” хэмээн дор бүрнээ “дэвхэцсээр” атал Засгийн газрын тэргүүн нь “Он гарахаас өмнө батлуулах ёстой” хэмээн зүтгүүлсээр байна. Бушуу туулай борвиндоо баастай гэгч болох вий.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар салбарын судлаач, мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
ЖУУЛЧИД АЯЛЛЫН КОМПАНИАР Л ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭСЭН ЗОХИЦУУЛАЛТ ХААНА Ч БАЙХГҮЙ
Л.ОЮУНЧИМЭГ (МУИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрийн ахлах багш, докторант):
-Тус хуулийн төслийн эхний хувилбартай танилцсан. Нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Жуулчин гэж хэнийг хэлэх вэ гэдэг нэр томь ёоллоосоо эхлээд л дэлхийн стандарт, олон улсын байгууллагуудын жишгийг зөрчсөн байсан. Аялал жуулчлал гэж хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа 1-90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор өөр газарт аялахыг хэлнэ гэж тодорхойлсон нь ч учир дутагдалтай. Олон улсын жишиг, бусад орны дагаж мөрддөг хууль, журмаас харахад энэ нь 24-180 хоног байдаг. Гэтэл манайх хамгийн цөөн хоногоор тогтоож. Энэ мэтчилэн маш хатуу зохицуулалттай, торгоно, хорино, арга хэмжээ авна гэсэн зүйл, заалттай хууль боловсруулжээ.
Уг хуулийн төслийг боловсруулахад Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн тур операторууд давамгай оролцсон гэсэн мэдээлэл бий. Тэднийхээр бол Монголд ирсэн хүн бүр аялал жуулчлалын компаниар л үйлчлүүлэх ёстой, үгүй бол торгох юм гэнэ. Найз нөхдөө ч хүлээж авч, аялуулж болохгүй нь байна шүү дээ. Ийм жишиг дэлхийн хаана ч байхгүй. Компаниуд холбоонд сайн дураараа элсэж, эвлэлдэн нэгддэг байх ёстой. Гэтэл энэ хуульд тур операторууд заавал холбооны гишүүн байж, татвар төлж, тусгай зөвшөөрөл авна гэж тусгасан. Холбооны гишүүнчлэлгүй бол аялал жуулчлал эрхэлж болохгүй нь. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан заалт хуульд оруулсан гэж харж байна.
Бид гадаадад хамгийн хямд өртгөөр аялахыг эрмэлздэг. Очсон улс орнууд “Заавал манай тур оператороор үйлчлүүл” гээд шахаж шаардаад байвал ямар вэ. Хэцүү биз дээ. Гэтэл манай улс зорин ирсэн жуулчдадаа ийм сонголт тулгах болчихлоо. Тусгай зориулалтын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ховор амьтдыг дуудлага худалдаагаар агнуулах зохицуулалт тусгасан нь ч буруу. Турк, арабууд хамгийн өндөр үнэ хэлээд л хуу хамчихна шүү дээ. Энэ бол аялал жуулчлалаас олох орлогыг эх орондоо үлдээх биш, гадагшаа урсгах бодлого.
Аялал жуулчлал дан ганц тур операторт төвлөрдөг бизнес биш. Нутгийн иргэд, жолооч, хөтөч, үйлчилгээний бусад байгууллага гээд олон талын оролцоотой хөгждөг. Тиймээс үр өгөөжийг нь хүртээмжтэй байлгах чиглэлд анхаарах хэрэгтэй. Жуулчид зөвхөн тур оператороор үйлчлүүлэх ёстой гэж тулгаж болохгүй. Үндсэндээ маш дутуу дулимаг, бодит нөхцөл байдалтай уялдаагүй, хэсэг бүлэг хүний эрх ашиг хамгаалсан хуулийн төсөл боловсруулсан байна.
ДЭЭВЭР ҮЗЭЛ БАРИМТЛАЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ
Д.АМАРТҮВШИН (МУИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрийн багш, судлаач):
-Энэ хуулийн дээвэр үзэл баримтлал нь чухам юу вэ гэдэг нь тодорхойгүй байна. Аялал жуулчлалд хамгийн чухал нь хэрэглэгч буюу жуулчны эрх ашиг. Үүний дараа бизнес эрхлэгчдийн эрх ашиг эрэмбэлэгдэх учиртай. Энэ нь эцсийн дүндээ аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа газрын destination image буюу нэр төртэй уялддаг. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, чанаргүй бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, сэтгэл ханамжгүй аялуулбал хүмүүс тухайн газрыг зорихоо болино. Үүнээс сэргийлээд жуулчдыг хэрхэн сэтгэл ханамжтай аялуулах, гэрээгээ яаж хийх, түүн дээр тусгасан амлалтуудаа хэрхэн биелүүлэх, амлаагүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг концепцоор нь оруулж өгөх ёстой юм. Үүний цаана зах зээлийн эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн хэмээх дээвэр үзэл баримтлал явдаг. Адам Смитийн 1700-гаад онд үндэслэсэн аливаа бизнес зах зээлийн чөлөөт өрсөлдөөний шугамаар хөгжих ёстой, үүнд төрийн оролцоо бага байх учиртай гэдэг зарчмыг энэ хуульд үгүйсгэсэн. Төрийн оролцоог тусгай зөвшөөрөл гэдэг зүйлээр данхайлгачихаар чөлөөт өрсөлдөөнийг боомилчихож байгаа юм.
Тур операторуудад нийтийн эрх зүйн хуулийн этгээд (Монголын аялал жуулчлалын холбоо) зөвшөөрөл олгохоор хуульд заасан. Үүний цаана увайгүй, чанаргүй компаниудыг цөөрүүлэх гэсэн санаа байгаа нь зөв ч арга нь буруу. Гадаадын туршлагаас харахад хуулиас наагуурх зохицуулалтаар үүнийг шийддэг. Тухайн холбооны ёс зүйн дүрмийн хүрээнд ч юм уу. Гэтэл эдгээрийг ашиглахын оронд нэг төрийн бус байгууллагад давуу эрх олгохыг илүүд үзсэн байна. Сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулах учиртай байгууллагыг төрийн төлөөлөл болгож “авчирсан” нь буруу. Ингэснээр зах зээлд цөөн компанийн ноёрхол тогтож, өрсөлдөөнийг хязгаарлах, шинэ бизнес эрхлэгчдийн боломжийг хаах урхагтай. Тэгвэл аялал жуулчлал эдийн засгийн тэргүүлэх салбар болох биш, харин ч “идээ бээр”-ндээ баригдах эрсдэлтэй.
Академич С.Нарангэрэлийн “Монгол ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” номд “Хууль бүхнийг дийлнэ гэсэн хэвшмэл үзэл бодол олон нийтэд байдаг. Тэд хуулийг хүндэлдэг биш боловч ийм л бодолтой байдаг. Эрх зүйг үгүйсгэх, эрх зүйг туйлшруулах үзэл бол өнөөгийн зөрчилт цаг үед туссан нэг үзэгдлийн хоёр тал юм” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бүх асуудлыг хуулиар шийдэх боломжгүй гэсэн санаа. Амьдралд нийцэхгүй хууль баталбал энэ нь хууль бус явдал гаарах, нөхцөл байдал улам дордох шалтгаан болдог. Хууль хэрэггүй гэсэн үг биш. Гол нь хууль тухайн цаг үедээ нийцсэн, хэрэгжихүйц, олон талын эрх ашгийг тусгасан байх ёстой юм. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үүнийг орхигдуулсан.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮХ БҮСЭД ОТОГЛОХ ЦЭГ БАЙГУУЛАХ БОЛОМЖГҮЙ
Х.ТҮМЭНДЭМБЭРЭЛ (Өмнөговь аймаг дахь “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн, судлаач):
-Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилсэнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд “Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд хээрийн отоглох цэгийн байршлаас бусад газарт жуулчин, аялагч отоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан нь тохиромжгүй зохицуулалт. Угаасаа аялал жуулчлалын гол цэгүүд бүгд тусгай хамгаалалттай бүсэд хамаарч байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар байгалийн цогцолборт газрын бүсийг онцгой, хязгаарлалтын, аялал жуулчлалын, орчны хэмээн ангилж, хаана, ямар төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтойг нарийвчлан заачихсан байдаг. Үүн дээр нэмж аялал жуулчлалын бүс байгуулах ямар ч шаардлагагүй.
Аяллын онцлогоос шалтгаалаад зарим бүсэд отоглох цэг байгуулах боломжгүй. Жишээлбэл, шувуу, зэрлэг амьтан ажиглах аялалд явж буй хүмүүс дандаа уулын мухар, ойн гүнд очдог. Энэ тохиолдолд жуулчид асар л барьж таарна. Тэглээ гээд торгож, шийтгэж болохгүй. Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчид байгаль, зэрлэг амьтны гэрэл зураг авах аялалд хамрагдах нь олширсон. Тэд Отгонтэнгэр хайрхан, Хонгорын элсний хамгийн гоё харагдах, үзэсгэлэнтэй хэсгийн зургийг авахын тулд заавал отоглох цэгт байрлах ёстой гэж үү. Үүнийг бодолцох шаардлагатай.
БОАЖЯ-наас баримталж байгаа отоглох цэгийн бодлого алдаатай санагддаг. Өгий нуур зэрэг тодорхой нэг газрыг хамгаалах зорилгоор л үүнийг байгуулаад байх шиг. Гэтэл тухайн нуурыг тойроод, маш олон хүн амарч, аялдаг. Бүгдэд хүртээмжтэй отоглох цэг байгуулж, бүх хүнийг нэг дор байршуулах боломжгүй шүү дээ. Нөгөө талаасаа үүнийг хариуцах хүн алга. Салбарын яамнаас энэ жил 17 аймагт санхүүжилт олгож, тус бүр хоёр отоглох цэг байгуулах чиглэл өгсөн. Үүнийг биелүүлсэн нь цөөн. Хэрэгжүүлсэн зарим нь ямар ч харуул хамгаалалтгүй орхичихсон байна лээ. Эхнээсээ бохирдоод, сүйдэж буй. Эдгээрийг хариуцах эзэнтэй, ашиг олох боломжтойгоор л байгуулах ёстой юм. Ер нь заавал отоглох цэг байгуулах хэрэгтэй юү гэдгийг ч анхаарвал зохино. Аялагчдын хандлага сүүлийн жилүүдэд харьцангуй өөр болсон. Үүний оронд иргэдийн байгаль орчны, тэр дундаа аяллын боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай.
Гадаадын жуулчид Монголын өргөн уудам нутаг, хаана ч асар бариад, байгальтай ойр байж болдог онцлог чанарт татагддаг. Үүнд л сэтгэл өндөр байдаг. Тийм байтал “Заавал энд хоногло” гэж хуульчлах нь зохимжгүй.
Тус хуулийн төсөлд НИТАЖ хэмээх ойлголт бий. Нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал гэсэн үг. Ийм аяллыг хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд хотел, гэр буудал, гэст хаус, эко лоунж зэрэг нэршил бүхий замбараагүй газруудыг стандартчилж, ялгаа заагийг нь ойлгомжтой болгох хэрэгтэй. Жуулчид үүнийг мэдэхгүйгээс хохирдог, сэтгэл хангалуун бус үйлчилгээ авдаг.
ТУСГАЙ САН БАЙГУУЛБАЛ УДИРДЛАГА, ХЯНАЛТАД НЬ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Л.ОДГЭРЭЛ (Аялал жуулчлалын менежментийн зөвлөх, хувиараа бизнес эрхлэгч):
-Тур операторуудад улсаас зөвшөөрөл олгоно гэдэгт манай салбарынхан нэлээд “риакцалж” байна. Яалт ч үгүй зохисгүй шийдвэр. Үүний дараагийнх нь аялал жуулчлалын сан байгуулах тухай. Аялал жуулчлалын салбарыг бие даасан, санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр дэмжих зорилгоор ийм санаачилга гаргасан гэнэ. Энэхүү хуулийг баталсан даруйд сан үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж ойлголоо. Үүнийг аялал жуулчлалын холбоонд давуу эрх олгосонтой ижил зохисгүй, мөнгө угаах зорилготой шийдвэр гэж хардаж байна. Засгийн газрын тусгай сангууд ямар зарчмаар, хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг монголчууд мэддэг болсон. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас болж ямар асуудал үүслээ. Манай улс өмнө нь аялал жуулчлалыг дэмжих сантай байсан. Түүнийгээ дампууруулсан. Сурталчилгаа, хурал зөвлөгөөн, кинонд л сая сая төгрөгийн санхүүжилт олгодог байсан шүү дээ. Хэрэв ийм сан зайлшгүй байгуулах ёстой бол удирдлага, хяналтад нь маш сайн анхаарах хэрэгтэй. Хуульд тусгахдаа уг сангийн удирдлагад хувийн хэвшил, мэргэжлийн холбооны төлөөллийг түлхүү оролцуулна гэсэн байсан. Үр ашигтай, хүртээмжтэй ажлуудад л санхүүжилт олгох ёстой. Хүртээмж хамгийн чухал.