Нүүрсний хулгайг илрүүлэх мөрдөгчдөд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар болон АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ЭЦА-ны дарга Т.Сүхболд нар мэдээлэл өгч байна.
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Нүүрс худалдан авахтай холбоотой бүх гэрээг ил болгосноо албан ёсоор зарлая. Мөн Эрдэнэс таван толгой ямар ямар худалдан авалт хийснийг ил тод болгож, хэвлэлд хүлээлгэн өгч байна. Хил рүү урт, богинын тээврээр нүүрс тээвэрлэж байсан аж ахуйн нэгжүүдийг зарлана. Өнгөрсөн хугацаанд 25 мянган тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэсэн. Эдгээр машины өмчлөгчдийг ил болгоно. Өнөөдрийн байдлаар С зөвшөөрөлтэй 150 аж ахуйн нэгжийн 5647 тээврийн хэрэгслээр богинын буюу хил дамнасан тээвэр хийж байна. Уурхайгаас Гашуунсухайт хүртэл 421 гаруй аж ахуйн нэгжийн 10432 тээврийн хэрэгсэл уртын тээвэрт оролцож байна. Мөн Гашуунсухайт дахь терминалд 17 аж ахуйн нэгжийн 1281 тэргээр тээвэр хийж байна. Эдгээр автомашины өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллийн дагуу ил болгоно” гэв. Мөн Эрдэнэт-Тавантолгойн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна. Цаашид тус компанийг олон нийтийн компани болгож, олон улсын IPO гаргахаар болсон байна. IPO гаргах ажлын хэсгийг Д.Амарбаясгалан ахлах аж. Шалгаж буй хэргийн дүгнэлтээр сая орчим тонн нүүрс гаргасан байж болзошгүй. Өмнөх хоёр нүүрсний хэрэгтэй үүнийг нэгтгэх юм байна.
Үүнээс гадна хил, гаалийнхантай холбоотой асуудал гарч ирсэн гэнэ. Тиймээс хил хамгаалах болон гаалийн байгууллагын албан тушаалтнуудыг нүүрсний хэрэгтэй холбогдуулан давхар шалгах нь. Нүүрсний олборлолтыг сансраас тойм зураг авч байсан гэнэ. Тиймээс энэ зургуудад түшиглэн 3D аргаар хэчнээн тоннн нүүрс олборлосоныг өмнөх өгсөн тоотой нь уялдуулж шалгах юм байна.