Налайх дүүргийн холбогдох байгууллагууд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайснуудыг буулгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Алба хаагчид гурав хоногийн хугацаанд 114.2 га талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн бүс болгожээ. Горхи, Тэрэлжийг Богдхан уулын дархан цаазат газар шиг замбараагүй, хэт төвлөрөлтэй бүс болгохгүйн тулд газар ашиглалтад онцгой анхаарч ажиллахаа хамгаалалтын захиргааныхан онцлов. Энэ ажлыг цаашид ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд үргэлжлүүлэх нь. Нийтийн эзэмшлийн зам, орц, гарц хаасан, мал, амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулж байгаа болон стандартын бус хашаа, хайснуудыг буулгах чиглэлийг алба хаагчдад өгчээ.
Бэлтгэсэн Н.Буян