Монголын үндэсний паралимпын хорооны 2022 оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол өнөөдөр "Улаанбаатар" зочид буудлын танхимд болов. Тус хорооны баг тамирчид улирч буй онд паралимпын өвлийн наадам, ДАШТ, Азийн АШТ, дэлхийн цом, гранпри тэмцээнээс спортын найман төрөлд 18 медаль хүртжээ.
Монголын паралимпын хорооны оны шилдгүүдийг танилцуулж байна.
Шилдэг спорт холбоо: Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо энэ онд найман тэмцээн уралдаан зохион байгуулж, “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээнд анх удаа сэлэмний тамирчдыг оролцуулсан байна.
Шилдэг спортын холбоо: Монголын пара жүдо бөхийн холбоо нь Азербайжан улсад болсон пара жүдо бөхийн ДАШТ-д есөн тамирчинаа илгээж, анхны мөнгөн медальтнаа өлгийдөн авсан юм.
Шилдэг баг: АНЭУ-ын Дубай хотод болсон пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртсэн нь Монголын пара байт харвааны түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт болсон.
Шилдэг залуу тамирчин: Пара цаначин Ц.Дашдорж нь ДАШТ-ий 20 кг-ын зайд 10, дэлхийн цомын тэмцээний 12.5 кг-ын зайд тав, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд гурван зайд эх орноо төлөөлөн өрсөлдсөн.
Шилдэг эмэгтэй дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нь дөрвөн жилд нэг удаа болдог жүдо бөхийн ДАШТ-д есөн тамирчинаа сойход -70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн юм.
Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Дасгалжуулагч Б.Золбоогийн шавь нарын амжилтаас цухаж дурдахад, АНЭУ-ын Дубай хотод болсон пара байт харвааны ДАШТ-ээс Монголын эмэгтэй харваачид хүрэл медаль хүртэв.
Шилдэг эмэгтэй тамирчин: Пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяа нь “Парис-2022” гранпри тэмцээнээс алт, “Софи-2022” гранпри тэмцээнээс мөнгө, Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ.
Шилдэг эрэгтэй тамирчин: Пара буудлагын тамирчин Г.Ганзориг нь БНСУ-ын Чанвон хотод болсон дэлхийн цомын тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл, 50 метрийн сонгомол гар бууны дасгалд алтан медаль хүртсэн.
Шилдгийн шилдэг тамирчин: Л.Туруунаа нь Азербайжаны нийслэл Баку хотод болсон пара жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн нь Монголын пара тамирчдын энэ оны оргил амжилт байв. Мөн Монголын бүх ард түмний спортын наадмаас алтан медаль хүртсэн юм.
Шилдэг зүтгэлтэн: Монголын хонхтой бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Туул шилдэг зүтгэлтэн болов. Тус холбоо нь МБАТСН, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн, МХБХ-ны 10 жилийн ойн тэмцээн, ахмад тамирчин С.Туяацэцэгийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахдаа харааны бэрхшээлтэй 250 тамирчныг хамруулжээ.