Юнивишн ХХК үнээ нэмсэн нь сүүлийн өдрүүдэд иргэдийг бухимдуулаад байсан. Тухайлбал иргэд цахим орчинд "Юнивишн үнээ нэмжээ, ёстой л чоно борооноор гэдэг шиг л юм болж. Ер нь эднуустай ямар гэрээ хийсэн болоод шууд ингээд нэмдийн бол үзий гээд гэрээгээ хайгаад олсонгүй" хэмээн бухимдлаа илэрхийлж, тус компанийн үйлчилгээнээс татгалзах уриалга гаргаад байсан юм. Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн бүх iptv-д хяналт шалгалт хийжээ. Тодорхой хэлбэл, тус агентлагийнхан олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүнд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрчээ.
Юнивишн ХХК:
-давамгай байдалтай ААН нэг ижил төрлийн бүтээгдэхүүнийг ялгавартай үнэ санал болгож худалдан борлуулсан,
-бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, үнэ, тарифын талаар хэрэглэгчид урьдчилан хангалттай тодорхой мэдээлэл өгөөгүй,
-үнэ тарифт өөрчлөлт оруулахдаа Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй, хэрэглэгчдийн эрхийг дордуулсан гэрээ хэлэлцээр байгуулсан
-интернэтийн үйлчилгээг дангаар нь сонгон үйлчлүүлэх боломжтой боловч, бусад үйлчилгээг авах тохиолдолд гурвалсан үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг хязгаарласан,
-хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан
-хэрэглэгчидтэй байгуулдаг гэрээний 4.7 дугаар зүйлд заасны дагуу үйлчилгээ нь түр хаагдсан тохиолдолд сарын төлбөрийг бүтнээр нь тооцно” гэж тус тус заасны дагуу үйлчилгээний төлбөрийг төлөхөөр заасан нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөл гэж үзэхээр байна.
Скаймедиа ХХК:
-хэрэглэгч өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан
-хэрэглэгчтэй байгуулдаг гэрээний 4.1.6-д “Хэрэглэгч нь ..... скаймедиа үйлчилгээний нөхцөл, үнэ, тарифын өөрчлөлттэй танилцаагүй, мэдээгүй нь төлбөр төлөх үүрэг болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж тусгасан нь хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн
-гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн сарын 22-ний өдрөөс хязгаарлалт хийгдэхээр байх бөгөөд хязгаарлалтад хамаарах хугацаа буюу хэрэглэгч үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрийг бүтнээр нь нэхэмжилж авахаар байгаа нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөл гэж үзэхээр байна.
Иймд “Юнивишн” ХХК-ийн ялгавартай үнэ тогтоосон, хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг хангаагүй зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж үргэлжлүүлэн шалгах, “Юнивишн”, “Скаймедиа” компаниудын үзүүлж буй үйлчилгээ нь хэрэглэгч үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг хязгаарласан, хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан зэрэг зөрчлүүдийг арилгуулахаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлөө арилган биелэлтийг арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдлээ.
Харин “Юнивишн” ХХК-ийн үнэ тарифын өөрчлөлтөө ХХЗХ-оор хянуулалгүй өөрчлөлт оруулсан асуудлыг шалгуулахаар харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд шилжүүллээ.
Тодруулбал, “Юнивишн” ХХК-ийг ШӨХТГ-аас давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 9.1 зүйлийн 5 дахь хэсэгт “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд зүй ёсны монопол болон давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах, батлах” чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлэхээр заасан байна.