Нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг шийдэхдээ олон талт, хараат бус, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд суурилдаг жишиг дэлхийн хотуудад нэгэнт тогтжээ. Улаанбаатар хотын хувьд ч энэ жишгийг дагаж, салбар салбарын судлаач, шинжээчдээс бүрдсэн нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг өнгөрсөн есдүгээр сард байгуулсан билээ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасанчлан Бодлогын судалгаа, шинжилгээний төв буюу Улаанбаатар хотын “think tank”-ийг анх удаа байгуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй нь энэ. Хотын “тархи” гэж хэлж болох энэ төв өнгөрсөн ахархан хугацаанд нийгэм, эдийн засаг болон хүрээлэн буй орчны чиглэлээр судалгаа, шинжилгээний цөөнгүй ажлыг богино хугацаанд, үр дүнтэй гүйцэтгээд байгаа нь чамлахаар зүйл биш.
Мэдээ мэдээллийн өнөөгийн эринд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн найдвартай, бодит мэдээллийн ач холбогдол өссөөр байна. Аливаа асуудлыг шийдэх, бүтээн байгуулах, өөрчлөхдөө тооцоо, судалгааг чухалчлах нь ирээдүйд гарч болох олон асуудлаас сэргийлнэ. Улаанбаатарын хувьд ч бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан, санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болсон нь бас нэг зөв алхам гэж харж болно.
Д.СУМЪЯАБАЗАР: Асуудлын шалтгаан, цар хүрээ, шийдэл, гарах үр нөлөөг тооцоолж байж оновчтой шийдвэр гаргана
-Хотын даргын хувьд шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ. Үүнд судалгаа, шинжилгээ ямар жин дарж байна вэ?
-Нийслэл гэдэг том айл. Асуудал олон, хамрах хүрээ, далайц нь том. Энэ утгаараа ч, нийт иргэдийн амьдралд тэр даруй, шууд нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа ч хотын удирдлагын гаргаж буй шийдвэр эгзэгтэй, бас маш хариуцлагатай зүйл. Тэгэхээр хар таамгаар, эсвэл ганцхан нөхцөл байдалд үндэслээд шийдвэр гаргачих боломжгүй. Аливаа шийдвэрийг гаргахад төр, иргэд, нөхцөл байдал, үр дагавар зэрэг олон зүйлийг бодолцож, энэ бүгдийн огтлолцол дээр шийдэх ёстой. Тиймээс ч Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв буюу “think tank”-ийг Засаг даргын санаачилгаар анхлан байгууллаа. Одоо гаргажбайгаа, цаашид гаргах шийдвэрүүд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд суурилсан, олон талыг тооцоолсон гэдгээрээ онцлогтой.
-Асуудал хэзээ ч нэг талтай байдаггүй, ганцхан хүчин зүйлээс шалтгаалдаггүй. Бидэнд хамгийн их тулгамдаж байгаа замын түгжрэлээр жишээ авъя л даа. Түгжрэлд хот төлөвлөлтийн, нийгмийн, эдийн засгийн, бүр боловсролын тогтолцоотой ч холбоотой асуудлууд нөлөөлж байна. Тэгэхээр ийм олон талтай асуудлыг шийдэхийн тулд эдгээр нөхцөл байдлыг бүгдийг нь харгалзах ёстой. Үүний тулд салбар салбарын мэргэжилтнүүд, судлаачид асуудлын шалтгаан, цар хүрээ, шийдэл, гарах үр нөлөөг тооцоолж байж оновчтой шийдвэр гарна. Өөрөөр хэлбэл, асуудлыг намжаах, гал унтраагаад өнгөрөх биш, харин шийдэх нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг.
Р.ДАГВА: Шинжлэх ухаанч судалгаа хийж, байгаа оносон гаргалгаа санал болгоно
-Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн онцлог юу вэ?
-Хамгийн түрүүнд онцлох зүйл гэвэл баг байна. Салбар салбарын, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн судлаач, шинжээчид нэгдсэн. Бид хараат бусаар асуудалд хандаж, шинжлэх ухаанч судалгаа, шинжилгээ хийж, байгаа оносон гаргалгаа, шийдлүүд санал болгоно. Нөгөө талаас асуудлаа томоор, өргөн цар хүрээгээр харж тодорхойлсноор гарч байгаа шийдвэрүүд иргэдийн ая тух, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэнд гээд бүхий л талд ээлтэй байх юм.
-Танай хамт олон ямар байдлаар ажиллаж, судалгааг хэрхэн хийдэг вэ?
-Одоогоор хотын зам, дэд бүтцээс эхлээд хүнсний аюулгүй байдал гээд хэд хэдэн тулгамдсан асуудлаар судалгаа хийж байна. Ингэхдээ статистик мэдээллийг нэгтгэж, дата анализ хийнэ. Процессын хувьд орон зайн дүн шинжилгээ хийнэ, систем динамик загварчлалыг боловсруулна, үр ашгийг нь тооцоолно. Товчхондоо, асуудалд олон талаас нь, шинжлэх ухаанчаар хандаж судална гэсэн үг.
-Эдгээр судалгаа, дүгнэлт, шийдэл хотын удирдлагын шийдвэрт хэрхэн нөлөөлөх вэ?
-Нэг талаасаа бодлогын том шийдвэрүүд, бүтээн байгуулалтууд, хамгийн их тулгамдаж буй асуудалтай холбоотой шийдлүүд оновчтой, үр дүнтэй, үр дүн нь иргэнд ээлтэй байна. Нөгөө талаас нь харвал, шийдвэр гаргах процесс илүү шуурхай, салбар хоорондын уялдааг хангасан болно. Энэ бүхэн эргээд хотын хөгжилд, иргэдийн амьдралд даруй, шууд үр дүнгээ өгөх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.