Нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас байгуулсан ажлын хэсгээс өчигдөр мэдээлэл хийв. Тэд өдөр бүрийн 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийж байхаар төлөвлөжээ. Уг ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлснээр аймаг болгоноос гурван мөрдөгчийг нийслэлд авчирч ажиллуулахаар болсон гэнэ. Мөн мөрдөгч, шинжээч нараас бүрдсэн багийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу өчигдөр илгээсэн байна. Ингэхдээ экспортыг доголдуулахгүйгээр шалгалт явуулахыг чиглэл болгосон аж. Энэ үеэр тэрбээр бүртгэлгүй нүүрсний тээврийн талаарх гаалийн байгууллагын мэдээллийг хүргэв. Тодруулбал, 2010 оны эхнээс 2011 оны долдугаар сарын 1 хүртэл буюу “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулж байх үед 379 мянган тонн нүүрс гаргасан гаалийн мэдүүлгийн баримт олдоогүй гэнэ. Мөн 2013-2017 онд 2527 компанийн 17 200 машин хилээр “хоосон” нэвтэрчээ. Түүнчлэн 268 мянган тонн нүүрсийг гаргахдаа холбогдох татвар, төлбөр, хураамжийг төлөөгүй болохыг тогтоосон байна. Энэ онд ч ихээхэн хэмжээний нүүрсийг хилээр бүртгэлгүй гаргасныг тэрбээр онцолсон юм. Эдгээр нь Монголын болон Хятадын, цаашлаад урд хөршөөр дамжин өөр бусад оронд хүрч буй нүүрсний талаарх статистик мэдээлэл илт зөрж байгаагаас тодорхой харагдаж байгаа гэнэ. Иймд өнгөрсөн хугацаанд шалгаад хэрэгсэхгүй болгосон, “нүүрсний” гэх тодотголтой хэргийг сэргээн шалгаж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн Л.Энхболдын яриад байсан хэргийг дахин шалгахаар болжээ. Түүнчлэн Гашуунсухайтаас гадна бусад боомтод ч шалгалт явуулах юм байна. Харин энэ үеэр сайд Х.Нямбаатар нүүрс экспортолдог MCS компанийг агуулахтай нь холбоотойгоор шалгаж байгааг дурдаад, жагсаалын зорилгыг бүдгэрүүлэх зорилгоор тус компанийн зүгээс ажилчдадаа чөлөө өгч, жагсахыг уриалж, шаардаж байгаа талаар дурдсан юм. Үүнтэй нь холбоотойгоор тус компаниас дээрх мэдээллийг залруулсан мэдэгдэл гаргажээ.