Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Төв талбайд цуглаж, зургаа дахь өдрөө жагсаж байна. Жагсаал олон хоног үргэлжлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, өдөр ирэх тусам хүрээгээ тэлж буй. Тухайлбал нийслэл гэлтгүй хөдөө, Гадаадаас тэр дундаа Америк, Австрали, Япон, Солонгост амьдарч ажиллаж буй иргэд цахимаар үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тэр ч бүү хэл бага насны хүүхдүүд ч жагсаалд нэгджээ.
Тодорхой хэлбэл, талбайн жагсаалд тавдугаар ангийн охин оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрбээр “Газар нутгаа зарж байгаа хүмүүст хэн дуртай байх вэ. Ийм олон иргэд нэгдэж байхад би ч бас нэгдэж байна. Хүүхдүүд ямар их асуудал байгааг мэдэж, ойлгоод талбай дээр ирсэн. Хүүхдүүд сайхан ирээдүйг мөрөөдөж, төсөөлдөг. Энэ ирээдүйг төр засаг хааж байгаад гомдолтой” гэдгээ илэрхийлсэн юм. Мөн түүний үе тэнгийн нэгэн охин жагсаалд нэгдэж буйгаа илэрхийлж, бичлэг хийн, цахим хуудсандаа байршуулжээ. Уг бичлэгээрээ жагсаалд нэгдэж буйгаа илэрхийлэн шүлэг уншсан.
Үүнээс гадна цахим орчинд лоозон барьсан бяцхан охины зураг тархсан. Японд амьдардаг монгол охин лоозон дээрээ “Монголдоо гэр бүлээрээ сайхан амьдармаар байна”, “Эх орондоо гэр бүлээрээ амьдрах эрхийг маань хулгайлсан тэр хулгайч нарт хатуу хариуцлага тооцож өгөөч” гэж бичжээ. Тэдний гэр бүл жагсаалд нэгдэж буйгаа мөн илэрхийлжээ. Бяцхан хүүхдүүд нь хүртэл бухимддаг ийм нийгмийг бүтээсэн юм гэж үү.