Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Гачуурт, Толгойт болон төвийн хэсгийн байгаль хамгаалагчдад “Suzuki jimny” маркийн, тусгай тоноглол бүхий автомашин өглөө. Ингэснээр байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, түймрээс урьдчилан сэргийлэх, эргүүл, хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж буйг нийслэлийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхсайхан онцоллоо. Харин байгаль хамгаалагчдыг техник хэрэгслээр хангах санаачилга гаргасан байгууллагынхан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, олон нийтийн оролцоог хангах чиглэлд цаашид анхаарч ажиллахаа энэ үеэр дурдав. Ташрамд дурдахад, нийслэлийн есөн дүүргийн 470 мянган га нутаг дэвсгэрийн нөөц баялгийг хамгаалах, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг 33 байгаль хамгаалагч хариуцдаг юм байна.
Бэлтгэсэн И.Мишээл