БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгын тушаалаар тус яамны таван албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын шинжээч М.Мөнхзаяа, ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж, мэргэжилтэн Х.Нарангэрэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Мөнхбат, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Цацрал нарт арга хэмжээ авчээ. Тэднийг удаа дараа ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр Монгол Улсын яамны эрх зүйн байдлын, Төрийн албаны, Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын хүрээнд шийтгэл ногдуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх албан тушаалтнууд ойн дагалт баялаг, тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой хууль бус шийдвэрүүдэд нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. БОАЖЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхнаас энэ талаар тодруулахад “Тодорхой зүйл ярих боломжгүй. Холбогдох хууль, журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулан, сонсох ажиллагаа явуулахаар болсон” гэв. Мөн тэд яамны цахим хуудсанд оруулсан мэдээллээ хэсэг хугацааны дараа өөрчилж, дээрх албан тушаалтнуудын нэрсийг устгасан байв.