-Жагсаалд хэддэх өдрөө оролцож байна вэ?
-Өнөөдөр анх удаа ирлээ. Залуустай нэгдэж, дуу хоолойгоо илэрхийлье гэсэн сэтгэл байвч өмнөх өдрүүдэд амжсангүй. Далайд дусал нэмэр гэдэг учраас ганц өдөр ч гэсэн жагсъя гэж бодоод, энэ удаа ажлаа зохицуулаад ирлээ.
-Та төрөөс юу шаардаж жагсаж байгаа вэ?
-Жагсагчид янз бүрийн санал дэвшүүлж, үзэл бодлоо илэрхийлж байна. Миний хувьд “Хулгайчдын хөрөнгийг хураая”, “Хулгай, авлигад идэгдсэн системийг өөрчилье” гэдэг санал дэвшүүлж буй. Олон их наяд, тэрбум төгрөгийн хулгай хийсэн хүмүүс хууль, шүүхийг тогтолцоотой нь худалдаад авчихсан учраас хэрэг нь ил болдоггүй, хариуцлага хүлээдэггүй юм байна. Тиймээс системээ өөрчилж, тэдэнтэй тэмцэх нь үр дүнтэй. Улс төрийнхний хулгай аль 2002 оноос эхлэлтэй. УИХ-ын гишүүн бүрсонгогдсон тойрогтоо төсөв хуваарилуулж эхэлснээс л энэ бүх завхралын үүд нээгдсэн гэж үздэг. Маш олон хулгайн хэрэг ил тод болоод, замын дундаасаа замхарсныг бид бүхэн мэднэ. Нүүрсний гэх энэ хэрэг ч ийм байдлаар замхрахыг үгүйсгэхгүй. Тийм явдал битгий давтагдаасай. УИХ-ын гишүүд төрөөс авч байгаа цалингаараа ийм тансаг, тэнгэрийн “амьтад” шиг амьдрах боломжгүй. Үүний эх үүсвэр нь ердөө хулгай. Тиймээс бүгдийг нь сайтар шалгаж, хулгай хийсэн хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой. Ингэхдээ торгоод өнгөрөх биш, дахиж хулгай хийх боломжгүй болгох хэрэгтэй.
-Нүүрсний гэх хэрэг төрд нүүрлэсэн хулгайн мөсөн уулын орой төдий хэсэг гэж үү?
-Тийм. Эхний ээлжид үүнд оролцоотой бүх хүнийг ил тодоор зарлах хэрэгтэй. Цааш нь лавшруулаад, ужгирсан бусад хэргийг илрүүлэх нь чухал. Энэ удаагийн жагсаал, тэмцэл бол төрд нүүрлэсэн буглааг шахаж, цэвэрлэх эхлэл юм.
-Энэ жагсаалд улс төрийн захиалгаар, үймээн самуун дэгдээх зорилгоор оролцож буй залуус цөөнгүй гэж хардах хүмүүс байна. Засгийн газрын тэргүүн ч ингэж мэдээлсэн. Танд ийм сэрдлэг төрүүлэхээр зүйл ажиглагдав уу?
-Ямар ч цаг үед ийм явуулга, нөлөөлөх гэсэн оролдлогууд байдаг шүү дээ. Энэ өдрүүдэд ч мэр сэр ажиглагдаж байна. Гэхдээ зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, үзэл бодлоороо, “органикаар” оролцож байгаа залуус тэднээс олон, хүчтэй гэдэгт итгэдэг.
-Залуус нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж, тууштай жагсаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нэгдмэл, оновчтой зохион байгуулалт дутагдаж байх шиг санагдлаа. Үүнээс болоод жагсаал үр дүнгүй болж ч магадгүй юм.
-Хэдий тийм дутагдал бий ч тав дахь өдрөө цуглаж буй нь залуусыг хэр зэрэг нэгдмэл байр суурьтайг харуулж байна.
-Өчигдөр Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайд жагсагчидтай уулзаж, байр сууриа илэрхийлсэн. Тэдний ярьсан зүйл таны хүлээлтэд хүрсэн үү?
-Харамсалтай нь, үгүй. Ялангуяа Ерөнхий сайд маш тодорхойгүй, “бөөрөнхий” зүйл ярьсан.
-Нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсэгт жагсагчдын төлөөллөөс 100 хүн оролцуулахаар болсон. Энэ хэр оновчтой шийдэл вэ?
-Хулгайчийг хулгайчаар нь шалгуулах ажилдаа иргэдийг оролцвол оролц, эсвэл боль гэж хэллээ. Хэсэг хугацаанд ч болов хүмүүсийн амыг таглаж, аргацаахыг зорьсон шийдвэр гэж харсан.
-Ер нь Монгол залууст хэр ээлтэй орон бэ?
-Монголын өвөл, нийгэм хоёр яг ижил хахир байна. Залууст гэлгүй бүх хүнд ээлгүй. Эргэн тойрны хүмүүс гадаад руу “дүрвээд” дуусах нь. Боломжтой нь сурахаар, амьдрахаар, боломжгүй нь хар ажил хийхээр харийн орон руу явах боллоо. Гэр бүлтэй, бага насны хүүхэдтэй хүний хувьд би ч бас ийм ээлгүй, бохир, шударга бус нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна. Боломж олдвол гадаадад амьдарна. Аргаа барсандаа л энд жагсаж явна.
-Төрөөс залуусыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн, таны амьдралд бодит үр нөлөө өгсөн ажил бий юү?
-Ер байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөнөөс оюутан, залууст сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохдоо хүртэл авлига, “арын хаалга”-аар шийдэж байна шүү дээ. Ийм алтан боломжийг бусдаас хулгайлсан атлаа сурч чадаагүй, хэргийг нь гаргаагүй хүн өчнөөн бий.