Налайх дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор өчигдрөөс Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ажиллаж эхэллээ. Тэд тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц, гарц хаасан, мал, амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулж буй 30 гаруй хашаа, хайсыг гурав хоногийн хугацаанд буулгахаар төлөвлөсөн байна. Тус цогцолборт газар нь Төв аймгийн Эрдэнэ сум болон Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт хамаардаг. Дээрх газрын алба хаагчид зөвхөн VI хорооны бүсэд ийм арга хэмжээ хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналтын постноос “Тэрэлж” зочид буудал хүртэлх хэсэгт хууль бусаар татсан хашаа, хайснуудыг буулгах нь.