Европын Холбооны “Свич-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл-2” төслийн нээлт өчигдөр боллоо. Гэр хорооллын айл өрхүүдийн байшин, гэрийг дулаалж, дулааны алдагдлыг багасгах замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Дулаан шийдэл-1” төслийг 2018-2020 онд хэрэгжүүлжээ. Үр дүнд нь 1546 өрхийг эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын материалаар ханган, зөвлөгөө өгч, 3556 тонноор хүлэмжийн хийг бууруулсан аж. Тэгвэл “Дулаан шийдэл-2” төсөл нь тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн бодлогыг дэмжих, Монгол орны нөхцөлд нийцсэн эрчим хүчний үр ашигтай шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар айл өрх, аж ахуйн нэгжүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах юм байна. Иргэд дээрх төслийн мэргэжилтнүүдээс санал болгож буй эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын технологи, материалыг худалдан авч, дулаан технологиор мэргэшсэн хувь хүн, баг хамт олонтой хамтран ажиллан, дулаалгын шийдлүүдийг нэвтрүүлж болохын сацуу төрөл бүрийн зөвлөгөө авч болох гэнэ.