Нийслэлийн төв талбайд уржигдар тайван эхэлсэн жагсаал хурцадмал байдалд хүрсэн тул нийслэлийн Засаг дарга албадан тараах захирамж гаргасан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тухайн өдрийн 20.50 цагийн үед цагдаагийн байгууллагынхан нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар иргэдэд чанга яригчаар мэдээлж, анхааруулга өгч байсан билээ. Гэсэн хэдий ч жагсаал үргэлжилсээр байв. Үүнтэй зэрэгцэн УИХ-аас ээлжит бус чуулган зарлаж, цахимаар, хаалттай хуралдсан юм. Уг чуулганаар хэлэлцсэн гол асуудал нь нөхцөл байдал даамжирсан тохиолдолд онц байдал зарлаж, жагсаалыг хүчээр тараах байжээ. Гэсэн ч эл шийдлийг гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв.
Хүний эрхийн үндэсний комиссоос үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэдийг эрхийг хүндэтгэн, хүч хэрэглэхгүй байх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргаад байсан юм. Тухайлбал, ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Х.Мөнхзул нар 21.10 цагийн үед нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалтай уулзаж, жагсаал, цуглааны үеэр хүч хэрэглэхгүй байхыг уриалсан. Мөн зөвшилцлийн үндсэн дээр ойлголцож, хүний эрхийн наад захын зарчмыг хангах талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн тус комиссоос жагсагчдад хандан бусдын өдөөн хатгалгад автахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх зөвлөмж, уриалгууд гаргаж байлаа. Улмаар 23.00 цагийн үед жагсагчид сайн дураараа тарсан юм. Үүний дараа, 00.00 цагийн үед нийслэлийн Засаг дарга жагсаал цуглааныг албадан тараах захирамжаа хүчингүй болгов. Иргэд сайн дураар тарсан тул ийнхүү шийдвэрлэсэн гэнэ.
Хэрэв нөхцөл байдал хүндэрч, жагсагчдыг хүч хэрэглэн саатуулбал иргэдээ үнэ төлбөргүй өмгөөлж, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлнэ гэж өмгөөлөгчдийн төлөөлөл уржигдар мэдэгдэж байлаа. Энэхүү санаачилгад 30 гаруй өмгөөлөгч нэгдэхээ илэрхийлжээ. Цагдаагийн байгууллагаас саатуулсан хоёр иргэнд өмгөөлөгчдийн төлөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлж, мэдүүлэг өгөхөд нь хамт байлцсан талаараа мэдэгдлээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас үүний талаар “Талбайн гацуур мод шатаасан нэг, цагдаагийн постын цонх хагалсан нэг, нийт хоёр иргэнээс тайлбар, мэдүүлэг авсан” гэж мэдээлсэн бөгөөд өөр хэн нэгнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө саатуулаагүй хэмээсэн юм.
Иргэдийн жагсаал өчигдөр ч үргэлжиллээ. Үдээс өмнө жагсагчдын тоо цөөхөн байсан ч 11.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан мэдээлэл хийсний дараа төв талбайд цуглах хүний тоо нэмэгдэх болсон юм. Жагсагчид “Ерөнхий сайдын мэдээлэл хэтэрхий ойлгомжгүй, бөөрөнхий, шийдэлгүй байлаа” гэдгийг онцлон хэлж, эсэргүүцэж байв. 17.00 цагийн үед жагсагчид Төрийн ордныг тойрон алхаж байсан. 20.00 цагт манай сонины дугаар шилжих мөчид ч жагсаал үргэлжилж байсан бөгөөд оролцогчдын тоо нэмэгдсээр байлаа.