Өнгөрсөн сарын сүүлчээс манай орны нийт нутгаар их хэмжээний цас орж, эрс хүйтрэн, зарим бүсэд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд буй. Тэгвэл ойрын өдрүүдэд буюу энэ сарын эхний арав хоног дуусталх хугацаанд ихэнх нутагт цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд Монгол орны нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөс харахад цас ихтэй газруудад буюу нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн, өмнөд хэсгээрээ дунджийн орчим байх төлөвтэй гэнэ. Энэ сард Хөвсгөлийн зүүн, Булган, Хэнтий, Дорнодын ихэнх нутагт ахиу, бусад хэсэгт харьцангуй бага цас орох юм байна. Цаг уурч Б.Жаргалангийн хэлж буйгаар өвөл хамгийн бага цас ордог үе нь арванхоёрдугаар сар аж.