“Амгалан” дулааны станцад гэмтэл гарсны улмаас хотын зүүн бүсийн 10 000 гаруй айлын хэрэглээний халуун усыг хязгаарлалаа. Тухайн бүсэд оршин суудаг иргэний мэдээлснээр өчигдөр 00.00 цагийн үеэс халуун ус хязгаарлаж эхэлсэн гэнэ. Тус станц нь 50 000 гаруй айл өрхийг дулаанаар хангадаг бөгөөд гуравдугаар зуухных нь экран хоолой цоорсны улмаас Баянзүрх дүүргийн тав, 25, 26, 36, 42, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун усыг хязгаарлан засвар, үйлчилгээ хийхээр болжээ. Ямар шалтгааны улмаас гэмтэл гарсныг “Амгалан” дулааны станцынхнаас тодруулахад “Ачаалал хэтэрснээс шалтгаалсан байх магадлалтай. Ер нь салбарын хэмжээнд ачаалал их байгаа. Манай станц уг нь нөөцтэй ажилладаг юм. Гэтэл энэ өвөл бүх хүчин чадлаараа ажиллахад хүрсэн. Тиймээс гэмтэл гарсан үед ашиглах нөөцгүй болж, айл өрхийн хэрэглээг хязгаарлан, засвар хийхээс өөр аргагүйд хүрлээ.Дулааны хувьд бүрэн хязгаарлаагүй, температурыг бууруулаад байна” гэв. Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийнхнаас хэдэн айл өрхийн халуун усыг хязгаарласан талаар лавлахад “Халуун усны 602 бойлерыг түр зогсооход хүрсэн. 10 000 гаруй айл хязгаарлалтад хамрагдаад байна” хэмээсэн юм.
Албаныхны хувьд засварыг өдөрт нь багтаан дуусгана гэж байсан ч орон сууцын зарим контор, СӨХ-ноос ойрын гурав хоногт халуун ус хязгаарлана гэсэн мэдээллийг оршин суугчдад өгсөн байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны иргэдэд “Тулга оюу” СӨХ-ноос “Амгалан” дулааны станцад гэмтэл гарсан тул гурав хоног халуун усаар хангахгүй, мөн халаалт буурна. Халаалтын шугам хөлдөх аюул үүсээд байна” гэсэн сэрэмжлүүлэг өгчээ. 20.00 цагт манай сонины дугаар шилжих мөчид айлууд халуун усгүй хэвээрээ байв. Уг нь “Амгалан” станцаас дээрх цагт засвар, үйлчилгээ бүрэн дуусаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой” гэж мэдээлээд байсан юм.
Бэлтгэсэн М.Оч