Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Намчинсүрэнд удаа дараа хахууль өгсөн хэрэгт холбогдсон хятад эрийг шалгаж дуусжээ.
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баянчулуут газар” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Өлзийдэлгэр трейд” хэмээх гадаад худалдааны компанийг манай улсад үүсгэн байгуулсан БНХАУ-ын иргэн Фу Пинг өөртөө давуу байдал бий болгохын тулд дээрх албан тушаалтанд эхлээд туслах Ц.Ө-аар нь дамжуулж энэ оны зургадугаар сард хоёр сая төгрөг өгсөн гэнэ. Улмаар Хэнтий аймгийн Батноров сумын нутагт оршдог хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлэх акт гаргуулах саналаа илэрхийлсэн аж. УУХҮЯ-ны ажлын хэсэг дээрх сумын нутагт очиж ордын үйл ажиллагаатай танилцахад тус комиссын нарийн бичгийн дарга Г.Намчинсүрэнд дээрх хятад иргэн мөнгөн аяга, хадаг, нэг сая төгрөг өгсөн гэх үндэслэлээр тэднийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлээд байна.
Бэлтгэсэн Г.Орчлон