БНСУ-ын виз мэдүүлэхээр цугласан хүмүүс
Таны эргэн тойрон, ах дүү, хамаатнууд дунд гадаад улс оронд суралцах, мэргэжлээрээ ажиллах, үгүй ядаж “хар” ажил хийх хүсэлтэй хүмүүс улам олширч байгаа биз. Энэ нь иргэдийн цалин орлого бага, амьжиргааны зардал, байр орон сууцын үнэ өндөр, улс орон ядуу байгаатай холбоотой гэдэгтэй олон хүн санал нийлнэ.
БНСУ руу гурван сарын хугацаатай зорчих C-3-9 ангиллын виз мэдүүлэхээр зуучлагч байгууллагуудад хүний хөл тасардаггүй. Чингэлтэй дүүрэгт байрлалтай, Солонгосын визийн материал хүлээн авах төвөөр үйлчлүүлж буй хүмүүсээс ямар зорилгоор виз мэдүүлж буйг нь тодрууллаа. Тэдний нэг Х.С бол Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, багш мэргэжилтэй, 32 настай бүсгүй. Тэрбээр “Би бага ангийн багшаар ажилладаг, татвараа суутгасан дүнгээр нэг сард 800 000 орчим төгрөгийн цалин авч буй. Өөрийн хашаанд, гэрт, ээж, 6-8 насны хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг, ганц бие ээж. Ээж минь сард 520 000 төгрөгийн тэтгэвэр авдаг.
Автомашин, цахилгаан барааны лизингт орлогынхоо талыг өгдөг учраас бид хоёр идэхгүй, хоосон хонохгүй шиг л байна. Тиймээс виз гарвал тэнд би үлдэж, хүүхдүүдээ ээждээ хэсэг хугацаанд даатгах бодолтой. Тэгээд орон сууцын мөнгө хураагаад ирнэ дээ” гэсэн юм. Тэнд тосож авах хүн, хийх ажил бэлэн, эсэхийг асуухад “Манай нэг багш бий. Онгоцны буудлаас түүний ажилладаг зочид буудал руу автобусаар дамжин явах зам заалгасан. Тэр зочид буудалд нь ажил элбэг гэнэ билээ” хэмээн ярив. Түүнчлэн Баянгол дүүргийн иргэн О.С мөн л БНСУ-ын C-3-9 ангиллын виз авахаар бичиг баримтаа бүрдүүлж явав. Энэ талаараа тэрбээр “Би барилга угсралтын чиглэлийн хувийн компанид ажилладаг, 52 настай. Цар тахлын өмнө 2018 онд Солонгост гурван сар ажиллахдаа 10 орчим сая төгрөгтэй ирсэн. Цэл залуу хүн биш учраас тэнд “харлах” бодолгүй. Гэхдээ гурван сараар явж, ажиллаад байвал амьдралд дэмтэй байдаг. Монголд гурван сард 10-аад сая төгрөг өгөх ажилд би орж чадахгүй шүү дээ. Ер нь компанид харьяалагдан, нийгмийн даатгал тасралтгүй төлж, дансандаа мөнгөтэй харагдахаар орлого, зарлага хийдгийн учир нь БНСУ-ын виз гаргуулах л зорилготой” гэв. Үүнээс гадна C-3-9 ангиллын виз авч, тус улсад очоод удаагүй байгаа нэг гэр бүлийн хоёртой цахимаар ярилцсанаа хүргэе. Эхнэр нь цахилгаан станцад, нөхөр нь хүнсний үйлдвэрт инженерээр ажилладаг, сард нийт дөрвөн сая төгрөгийн цалинтай байсан гэр бүл Өмнөд Солонгост “харлаад” хоёр сар орчим болжээ. Эхнэр Ц.Н “Манайх гурав, зургадугаар ангид сурдаг хоёр хүүхэдтэй. Ажлаа, хүүхдүүдээ орхиод ийм сонголт хийсэн нь цалин амьдралд огт хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Бид нийлээд дөрвөн сая төгрөгийн цалинтай ч орон сууц, автомашин, цахилгаан хэрэгсэл гээд эдэлж хэрэглэж буй бүхэн минь зээлийнх. Эдгээрт сард гурван сая орчим төгрөг төлдөг. Хүүхдүүд маань ангидаа 50-иул суралцаж байна. Нэгийнх нь шүд нь өвдвөл хувийн эмнэлэгт багадаа 200 000 төгрөгөөр эмчлүүлдэг, улсын эмнэлгийн хүртээмж муу зэрэг нь Монголд амьдрахад бэрхшээлтэйг илэрхийлэх наад захын жишээ. Харин Солонгост нөхөр маань барилгын компанид туслах, би зочид буудлын үйлчлэгч хийгээд нийт таван сая гаруй вон буюу 10 гаруй сая төгрөгийн цалин авсан. Цаашид ажилдаа илүү дадлагажвал цалингийн хэмжээ өсөх боломжтой гэсэн” хэмээв. Тэдний хүүхдүүдийг өвөө, эмээ нь асарч байгаа аж.
БНСУ-ын визийн материал хүлээн авдаг байгууллага нийслэлд 10 бий. Тэдгээрт өдөр бүр нийт 800-1000 хүн хандан, өргөдөл гаргадаг гэнэ. Ер нь цар тахлын өмнө ч нэг байгууллага өдрийн ачаалалдаа тохируулан, дунджаар 80 орчим хүний хүсэлтийг хүлээн авч, сард 8000-10 000 иргэний материалыг БНСУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлдэг байсныг визийн материал хүлээн авагч байгууллагын ажилтан хэллээ. Тэрбээр “Иргэдийн бараг 90 хувь нь БНСУ-д гурван сар хүртэлх хугацаагаар байх боломжтой C-3-9 ангиллын виз мэдүүлдэг. Тэдний дунд эмчлүүлэх, бизнес хийх, туршлага солилцох зэрэг зорилготой хүмүүс бий ч гурван сар ажиллахаар зорьдог нь олон. Манай байгууллагын хувьд өдөрт 60-70 материал хүлээн авч буй. Виз олголт янз бүр байдаг” гэлээ.
2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 76 оронд манай улсын 197 100 орчим иргэн амьдран сууж байсныг Гадаад харилцааны яамны мэдээлэлд дурджээ. Үүнээс өдгөө 4000 орчим иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн. 2004 оноос хойш БНСУ-д давхардсан тоогоор 36 000 орчим иргэн дадлагажиж, ажил хөдөлмөр эрхэлсэн аж. Түүнчлэн албан бус тоогоор одоогоор АНУ-д 40 100, Европын Холбооны орнуудад 43 700, БНСУ-д 50 800, Японд 16 300, Австралид 7000 гаруй хүн амьдардаг гэсэн тооцоог нэгэн төрийн бус байгууллага гаргажээ. Эдгээрээс АНУ, Өмнөд Солонгост байгаа хүмүүсийн олонх нь “хараар” ажиллаж буйг ч дурдсан байв. Ер нь иргэдийн ажиллаж, амьдрах сонирхолтой орны тоонд АНУ багтдаг. Тэгвэл тус улс руу ямар зорилгоор явах гэж буйг нь зарим иргэнээс тодрууллаа. Удахгүй визийн ярилцлагад орох Ч.С “Америк руу аялах виз мэдүүлэхээр бэлтгэлээ хангасан. Аяллын визтэй очиход зургаан сар оршин суух эрхтэй байдаг. Зургаан сарын дараа хэрхэхээ шийдэх бөгөөд энэ хугацаанд маникюр хийхээр төлөвлөн, сургалтад суусан. Монголд томоохон компанид би нягтлан бодогчоор ажиллаж, сард 1.8 сая төгрөгийн цалин авдаг. Түрээсийн байранд амьдардаг учраас цалин хаанаа ч хүрдэггүй. Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй, Америкт мөнгө хураах боломжтой гэж тооцсон болохоор тийшээ явахыг зорьж байна. Ер нь Монголд албан хаагчид сард 1-2 сая төгрөгийн цалинтай. Орон сууцын үнэ, түрээсийн төлбөр, бусад зардал өссөөр байгаа энэ үед ийм цалингаас хэдийг нь хуримтлуулж, хэдээр нь амьдрах билээ. Насны залууд гадаад явсан нь зөв сонголт гэдэгтэй санал нийлэх хүн олон болов уу” гэж ярив.
МУИС-ийг 2019, 2020 онд төгссөн, нэг тэнхимийн 43 залуугаас фэйсбүүк группийн админаар нь дамжуулан санал асуулга авсан юм. Тодруулбал, тэднээс гадаад орон руу явж ажиллаж, суралцах сонирхолтой хүн бий, эсэхийг нь лавлахад 35 нь буюу 85 хувь нь боломж бүрдвэл гадагшаа явна гэж хариуллаа. Түүнчлэн 100 орчим гишүүнтэй фитнес клубийнхнээс мөн дээрх байдлаар асуухад 70 хувь нь гадаад явах сонирхолтой, виз нь гарвал АНУ, БНСУ, Австрали, Канадад амьдрах бодолтой гэсэн юм. Дээрх иргэдийн олонх нь 25-35 насны залуус бөгөөд гадаадад амьдрахыг зорьж буй гол шалтгаан нь Монголд цалин бага, орон сууцын үнэ өндөр, ялангуяа өвөлд утаа, түгжрэл ихтэй гэжээ. Тэдгээрээс онцлон математикч мэргэжлээр төгссөн Г.У-гийн яриаг сонирхуулъя. “Би дөрвөн жил сурахдаа сургалтын төлбөрт 18 орчим сая төгрөг төлжээ. Математикт сонирхолтой, ажиллахын зэрэгцээ цаашид үргэлжлүүлэн сурч, эрдмийн зэрэг горилох бодолтой. Гэтэл магистрын төлбөр нэг кредит нь 150 000, докторынх үүнээс үнэтэй. Төлбөрөө олохын тулд ажил хийж байгаа ч шинэ төгсөгч гээд нэг сая орчим төгрөгийн л цалин олгодог. Гэр минь хөдөө, хоёр найзын хамт байр хөлсөлж амьдардаг, түрээс, бусад зардалд сард 300 000-400 000 төгрөг нэмэрлэдэг. Ингэж бодохоор би хэзээ мэргэшин суралцаж, хэзээ олигтой цалинтай болж, хэзээ орон сууц авах билээ. Гадаад л явах ганц сонголт байна. Эхний ээлжид мөнгө л хураая” хэмээн гонсгордуу өгүүллээ. Гадаад явах ямар боломж байгааг нь тодруулахад, БНСУ руу гэрээт ажилтнаар явах боломжтой юм билээ. Тиймээс солонгос хэл сурах зорилгоор цахим хичээлд сууж байгаа гэв. Тэгвэл Хөдөлмөрийн гэрээгээр гадаад оронд ажиллах иргэдийн тоо энэ оны гуравдугаар улиралд 268-д хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 36.5 хувиар өссөн дүн болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Гэрээт ажилчдын 160 нь БНСУ-д, үлдсэн нь Японд ажиллаж байгаа бөгөөд тэдний 98 хувь нь 20-39 насныхан аж. Харин гэрээт ажилчнаар ажиллах хүсэлтэй иргэдийн тоо 268-аар хязгаарлагдахгүй. Өнгөрсөн хавар гэхэд 70 орчим ажлын байранд 2000 хүн өрсөлдсөн жишээ нь Монголоос явах хүсэлтэй хүмүүс хэр олон байгааг илэрхийлэх нэг баримт.
Залуус гадаад орон руу явах хандлагыг дэмждэг хэсэг байхад, Монголдоо амьдарч, баялаг бүтээж, эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөхийг эрмэлзэх учиртай ч гэх хүмүүс бий. Тодруулбал, өдгөө хөгжингүй гэгдэж буй БНСУ, Японы иргэд одоогоос 30 орчим жилийн өмнө Саудын Араб, Америк, ХНБГУ-д ажиллаж байсан жишээ олон. Иргэд нь гадаадад ажиллах нь валютын урсгалыг нэмэгдүүлэх нэг нөхцөл болдгийг ч дурддаг. Манай улсаас гадаадад ажиллаж буй иргэд энэ оны гуравдугаар улирлын байдлаар эх орон луугаабуюу ар гэрийнхэндээ 500 орчим сая ам.доллар шилжүүлснийг Дэлхийн банкнаас мэдээлсэн. Гадаадад амьдарч буй иргэд 1998 оноос мөнгө шилжүүлж эхэлсэн ба тухайн жилд зургаа, сүүлийн дөрвөн жилд эл тоо огцом өсөн, жил бүр 500 гаруй сая ам.доллар Монгол руу илгээжээ. 500 сая “ногоон” гэдэг бол Монгол Улсын ДНБ-ий гурав орчим хувьтэй тэнцэх хэмжээтэй их мөнгө. Үүний ард гадаад оронд ажиллаж буй олон мянган хүний хөлс хөдөлмөр байгаа гэсэн үг. Бид хэзээ болтол гадаад оронд амьдрахыг мөрөөдөж, виз гарах таатай мөчийг хүлээн, тэнд очоод ажиллана хэмээн мэргэжлийн сургалтад сууж, нэг удаа ч хөл тавьж үзээгүй орныхоо онгоцны буудлаас ажлын байр (ажлын байр нь баталгаатай биш) хүртэлх автобусны дугааруудыг цээжлэх вэ.