Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл мэндэд ээлтэйгээр өнгөрүүлэх боломж олгодог газруудын нэг нь мөсөн гулгуурын талбай. Улаанбаатар хотод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар цөөнгүй бий. Тэдгээрийн цагийн хуваарь, үнэ ханш зэрэг мэдээллийг хүргэе. Тухайлбал, олон улсын стандартад нийцсэн“Мөсөн өргөө” буюу “Степпе арена” нь улирал үл харгалзан ажилладаг битүү ордон. Тус өргөө нь ашиглалтын 7800 ам метр талбайтай, үзэгчийн 2600 суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих таван өрөөтэй. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, олон улсын шаардлагад нийцсэн өрөөнөөс гадна хоккей, уран гулгалт, шорк трейкийн тэмцээн, сургалт явуулах боломжтой. Түүнчлэн иргэд очиж үйлчлүүлэх боломжтой чөлөөт гулгалтын талбайтай. Төлбөр нь ажлын өдрүүдэд хүүхэд 10 000, том хүн 20 000 төгрөг. Амралтын өдрүүдэд төлбөр нь тус бүр 5000 төгрөгөөр нэмэгддэг байна.
“Хүннү молл”-д байрладаг Монголын анхны мөсөн гулгуурын битүү талбай нь нэг дор 150 хүн гулгах боломж бүхий 500 ам метр талбайтай. Мөсөн гулгуурын талбайд найзууд, хамт олон, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Үүнээс гадна энд анхан шатны гулгалтын хичээл, уран гулгалтын дамжаа хичээллэдэг бөгөөд мөсөн дээрх шоу, тэмцээнүүд ч зохион байгуулж болох аж. Улаанбаатар хотод эдгээрээс гадна Нарны гүүрний зүүн талд буюу нийслэлийн зургадугаар сургуулийн хажууд, Монголын үндэсний олимпын хорооны хашаан дотор задгай мөсөн гулгуурын талбай ажиллаж байна. Бас “Гялс” эмнэлгийн зүүн талд буюу “Американ дэнж” хотхоны урд мөсөн гулгуурын талбай бий.
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороо мөн дөрвөн улирлын мөсөн өргөөтэй болжээ. 1000 хүний суудалтай тус спорт цогцолбор мөсөн гулгуур, хоккейн талбай бүхий битүү байгууламж юм байна. Дээрх мөсөн гулгуурын талбайнууд өдөр бүр 11.00-20.00 цагт ажилладаг гэнэ. Төлбөрийн хувьд 3000-20 000 төгрөг аж. Задгай талбайнуудын төлбөр харьцангуй хямд. Харин битүү орднуудын үйлчилгээний үнэ арай илүү байна.
Бэлтгэсэн А.Хангай