Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан манай улс аялал жуулчлалын улирлын хамаарлыг арилгах, гадаад маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход анхаарч эхэлсэн. Тэгвэл Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагын төлөөллүүд үүний хүрээнд “Шинэ жил Монголд” төслийг ОХУ-ын аялал жуулчлалын салбарынхантай хамтран хэрэгжүүлэхээр санал солилцоод иржээ. Энэ нь хил орчмын болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүйтний улиралд зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг хоёр орны иргэдэд сурталчлан таниулах, аяллын багц хөтөлбөр боловсруулах зорилготой төсөл юм байна. Дээрх холбооны төлөөллүүд эхний ээлжид ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн төрийн байгууллагынхантай уулзаж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ танилцуулжээ. Үүний үр дүнд эдгээр бүс нутаг дахь томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид ойрын өдрүүдэд манай улсад ажиллаж, өвлийн аялал жуулчлалыг сурталчлахаар болсон аж. Хоёр талын дараагийн уулзалтыг Москва хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.