Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын дүн мэдээллийг өчигдөр танилцуулав. Тухайн хугацаанд Баянхошуу, Шархад, Хайлааст орчимд бохирдол их байжээ. Мөн XIII хороолол, Амгалан, Зайсан, “Ургах наран” хороолол, Налайх, Нисэх, Зуун айл, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанар “бага бохирдолтой” гэсэн түвшинд хүрсэн аж. Эл хугацаанд бохирдол хүлцэх хэмжээнээс давж, ялангуяа долоо хоногийн сүүлчээр улам нэмэгджээ. Тухайлбал, агаар бохирдуулагч бодисуудын нэг хүхэрлэг хий Зурагт орчимд хүлцэх хэмжээнээс 6.4 дахин их байжээ. Мөн I хороололд нүүрстөрөгчийн дутуу исэл стандартаас 1.2, бүдүүн ширхэгт тоосонцор 2.4, нарийн ширхэгт нь 4.4 дахин их байсан нь агаарын чанарын суурин харуулуудад бүртгэгдсэн аж.
Өчигдөр 11.00 цагийн үед Улаанбаатар агаарын бохирдлоороо олон улсын 100 гаруй хотоос зургаад жагсаж байлаа. Манай улсын нийслэлд тухайн үед бохирдуулагч элементүүдээс PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаас 31.4 дахин өндөр байсан юм. Дэлхийн хотуудын агаарын чанарыг тогтмол танилцуулдаг iqair.com цахим хуудсанд ийнхүү мэдээлсэн бөгөөд 19.00 цагт Улаанбаатар бохирдлоороо дөрөвт жагссан. Тухайн үед нарийн ширхэгт тоосонцор стандартаас 22.1 дахин илүү байв. Нийслэлээс гадна Төв аймгийн Зуунмод, Дархан-Уулын Дархан сумд бохирдол их байгааг дээрх цахим хуудсанд тэмдэглэжээ. Түүнчлэн дотоодын мэдээллийн agaar. mn цахим хуудсанд мэдээлснээр 19.00 цагт “Мишээл экспо” төвийн орчим агаарын чанар хэвийн, бусад хэсэгт бохирдолтой байлаа.
Бэлтгэсэн М.Оч