Иргэд төр, засагт шаардлага тавьж, өчигдөр гурав дахь өдрөө цугларч, жагсав. 11.00 цагийн үед нийслэлийн төв талбайд очиход Д.Сүхбаатарын хөшөөнөөс хойш Төрийн ордны өмнөх шат хүртэлх зай хүнээр дүүрэн байлаа. “Шаардаж байна” хэмээн залгуулан хашхирах олныг захлан зогссон залуус “Бидний ирээдүйг бүү хулгайл”, “Татвараа багасга” гэсэн бичиг бүхий цаас барьсан байв. Тэд ШУТИС-ийн нэг, хоёрдугаар курсийн оюутан бөгөөд “Өнөөдөр өвдөх, даарах яах вэ, маргааш нөхцөл байдал сайжирч, ирээдүй гэгээлэг болбол энд ирж, дуу хоолойгоо нэгтгэсний хэрэг гарах байх. Төр, засгаасаа татварын дарамтыг багасгах, и-баримтын буцаан олголтыг 10 хувь болгох, нүүрсний хулгайчдыг илчилж, хариуцлага тооцох зэрэг бодит арга хэмжээ авахыг хүсэж байна. Эцсийн дүнд залууст суралцах боломж олгохыг шаардаж байгаа юм. Бид сургалтын төлбөрийн долоон сая төгрөгөө төлж чадахгүйд хүрээд байна. Аав, ээж цалин багатай. Маш их татвар авдаг болохоор гар дээр нь бага мөнгө ирдэг. Тэр нь хоногийн, сарын хоол, хүнсэнд арайхийж хүрдэг. Ийм байхад бид эцэг, эхээсээ мөнгө авах аргагүй. Өөрсдөө ажил хийдэг ч хичээл ихтэй болохоор санаснаараа орлого олж чаддаггүй. Ингээд төлбөрөө төлж чадахгүйн улмаас сургуульгүй болоход хүрээд байна. Ямар нэг аргаар төлбөрөө төлж, сургуулиа төгслөө гэж бодоход байр, машиндаа хэзээ “хүрэх” вэ. Энэ хоёрын төлөө гадаадад хараар ажиллахаар явах уу. Бид өнөөдөр ирээдүйгээ ингэж л харж байна” гэх зэргээр ярьж байлаа.
Түүнээс хойш төв талбайд хүмүүс нэмэгдэн ирж, илүү олон болсоор байв. Улмаар жагсагчид 14.00 цагийн үед төв талбай орчмын авто замыг хаасан. Ингэснээр тухайн хэсгийн замын хөдөлгөөн үндсэндээ тэг зогссон бөгөөд холбогдох байгууллагуудаас төв замаар явуулдаг автобусны чиглэлүүдийг түр өөрчлөх зохицуулалт хийж байлаа. Тайван жагсаалын “өнгө” үдээс хойш өөрчлөгдөж, иргэд Төрийн ордон руу дайрч, орохыг завдсаны зэрэгцээ талбайд зассан гацуурыг шатаасан юм. Үүний дараа ЦЕГ-ын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төр, засагт шаардлага хүргүүлж, хариу хүлээж буй иргэд энэ сарын 4, 5-нд цуглаан зохион байгуулж, жагслаа. Монгол Улс жагсаал, цуглаан хийх хуультай. Цуглах, жагсах болсон зорилго, агуулгыг танилцуулж бүртгүүлдэг. Энэ бол бүртгэлгүй жагсаал. Гэсэн ч цагдаагийн байгууллагын зүгээс цугласан хүмүүсийг олон нийтийн эрх ашгийн үүднээс хамгаалан ажиллаж байна. Өчигдөр (уржигдар) цугларсан хүмүүсээс талбайд хоносон нь бий. Тэд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байсан. Олны хөлийг далимдуулж архидан согтуурсан хүмүүс зохисгүй авир гаргах вий хэмээн цагдаа нар хамгаалж хоносон. Тэр болтол хэн ч үймээн самуун дэгдээгээгүй. Харин өнөөдөр үдээс хойш нүүрсний хулгай гэх хэрэгт шалгагдаж байгаа зарим иргэний зүгээс байгууллагынхаа ажилтнуудыг талбай руу явуулах, жагсаал цуглаанд уриалах зэргээр авирласан. Хүмүүсийн шахцалдаанаас болж дөрвөн иргэн бэртсэн. Мөн насанд хүрээгүй хүмүүс жагсаалд оролцож байна. Эцэг, эх нь анхаарч, хүүхдүүдээ авах байх. Цагдаагийн байгууллагаас хэнийг ч баривчлаагүй, саатуулаагүй. Одоогийн байдлаар нутаг дэвсгэр хариуцсан Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид төв талбайд ажиллаж байна. Цугларагсад замын хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд хэлж, сануулах, зөвлөх арга хэмжээ авсаар байна” гэлээ.
Тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас мөн иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан юм. Үүнд “Шахцалдсаны улмаас амь нас болон эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул иргэд та бүхэн хэт их бөөгнөрөл үүсгэхгүй, тайван замаар жагсаалд оролцоно уу. Өсвөр насны хүүхэд тань гэртээ байхгүй тохиолдолд хаана, юу хийж байгааг нь асууж тодруулан, гэмт хэрэг, зөрчилд холбогдож хохирохоос урьдчилан сэргийлээрэй” гэсэн байв.
18.00-19.00 цагийн орчимд жагсагчид Төрийн ордны урд хаалгыг эвдэх гэж оролдсон. Үүний сацуу тус ордны хашааг зүүн талаас нь эвдэж эхэлсэн байлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг гарсан бөгөөд тэд 19.40 цагийн орчимд Цагдаагийн ерөнхий газарт мэдээлэл хийв. Тайван жагсаалын зорилго, агуулга өөрчлөгдсөн, удирдлага, ахлагч байхгүй зэргээс болж эмх замбараагүй байдал үүсэж, жагсагчдын болон олон нийт, цагдаагийн алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй, угаас энэхүү цуглаан, жагсаал бүртгэлгүй гэх зэрэг үндэслэлээр үүнийг албадан тараах захирамжийг нийслэлийн Засаг дарга 19.00 цагт гаргасныг мэдэгдэв. Түүнээс хойш хоёр цагийн хугацаанд иргэд явахгүй бол хуулийн хүрээнд албадан тараана гэж байлаа. Төрийн нарийн бичгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариулахдаа энэ өдөр цагдаагийн зургаан алба хаагч бэртсэн тухай хэлсэн.
20.50 цагт манай сонины дугаар шилжих мөчид цагдаагийн байгууллагынхан төв талбайг тойрон цагаан хоолойгоор анхааруулан сэрэмжлүүлж байв. Жагсагчдын тоо 19.00 цагийнхтай харьцуулахад улам нэмэгдсэн байлаа.
Бэлтгэсэн Р.Жаргал