ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал жагсаалын үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Иргэд Үндсэн хуульд заасны дагуу үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохгүй. Нүүрсний хулгайтай холбоотой иргэд, тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмнөх удирдлага, тус байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнууд бага насны хүүхдүүдийг турхирч, талбайд авчрах, бусдыг уруу татаж, очлууртай гал шидүүлэх, архи өгч согтоох зэргээр төрийн эсрэг турхирч байна. Жагсаалын үеэр дөрвөн иргэд бэртэж гэмтсэн" гэв. Түүнчлэн Төрийн ордны хаалгыг эвдэж орж байсан тохиолдол өмнө гарч байгаагүйг тэрбээр тодотголоо.
Өнөөдөр цахим орчинд "Эрдэнэс Тавантолгой"-ийн хуульч "Нүүрсний хулгайтай холбоотойгоор эсэргүүцэл, бухимдлаа илэрхийлж байгаа иргэдийн жагсаалд "Эрдэнэс Тавантолгой" компани ажилчдаа албан ёсоор оролцуулахыг мэдэгдсэн цахим шуудангийн зураг олон нийтийн сүлжээнд гараад буй. Тодруулбал "Чингисийн талбайд болж буй иргэдийн жагсаал, цуглаантай холбоотойгоор нэгжийн үйл ажиллагааг алагдуулахгүйгээр дотоод зохион байгуулалтыг ханган жагсаалд биечлэн оролцох хүсэлтэй ажилтнуудыг 15.00 цагт ажлаас тараах буюу 1 цаг 30 минутын цалинтай чөлөөг олгож болохыг мэдэгдье. Нэгжийн үйл ажиллагааг ханган ажиллахыг холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагуудад анхааруулж байна" гэсэн агуулга мэдээлэл оруулаад дараа нь ташаа мэдээлэл хэмээн залруулга гаргасан билээ.