ШӨХТГ-аас иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн, агаарын хөлгийн шатахууны сумалгаа болон онгоцны тийз, ачилтын үнийн өсөлттэй холбоотой гомдлын дагуу онгоцны түлш борлуулах, цэнэглэх зах зээлд давамгай байдалтай “Мэргэ ван” компанид зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Өмнөх оны аравдугаар сарын 5-ныхтай харьцуулахад хилийн үнэ өнгөрсөн наймдугаар сард 46.7, төгрөгийн ам.доллартой харьцах ханш 11.6 хувиар нэмэгдсэн аж. Харин тус компани өнгөрсөн наймдугаар сард агаарын хөлгийн шатахууны сумалгааны кг тутамд 2800 төгрөг байсан үнийг 5600 болгож 100, ачилтын кг тутамд 2750 байсныг 5550 төгрөгт хүргэж 102 хувиар нэмжээ. Ийнхүү давамгай байдлаа хууль бусаар ашиглан бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогынх нь дөрвөн хувьтай тэнцэх буюу 183.6 сая төгрөгөөр торгожээ. Сонирхуулахад, “Мэргэ ван” нь 2009 онд “Сод Монгол” групп болон хойд хөршийн “РН-Аэро” ХХК (“Роснефть”-ийн охин компани)-ийн хооронд байгуулсан хамтарсан компани юм.