Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зодооны асуудлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 3-нд олон нийтийн сүлжээнд сурагчид нэгнээ зэрлэгээр зодож буй бичлэг цацагдсан. Нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийхэд 17 настай, эрэгтэй Т, 17 настай, эрэгтэй М нар нь энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних эрэгтэйтэй маргалдах үедээ зодоон хийсэн тогтоогджээ. Мөн өмнө нь хоёрдугаар сард 16 настай, эрэгтэй Т-г найз охинтой нь харилцаа тогтоолоо гэх шалтгаанаар биед нь халдсан болохыг тогтоосон. Холбогдогч нар өөрийн гар утсанд дээрх бичлэгийг хадгалж байгаад, найзууддаа дамжуулснаар цахим орчинд нийтлэгдсэн. Дээрх 2 гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь цагдаагийн байгууллагад урд өмнө бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч томилон шинжилгээ хийлгэх, хохирогч болон холбогдогч нарыг Дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт холбон зуучлах зэрэг ажиллагааг хийгээд байна.