“Тэс Петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад өнгөрсөн долоо хоногт гал гарч, ихээхэн хохирол амссан. Хамгийн ноцтой нь эл гал түймрийн улмаас эрдэнэт хүний алтан амь эрсэдсэн юм.
Тодорхой хэлбэл, шатахууны саванд хэмжилт хийхээр ажиллаж байсан гурван хүн дэлбэрэлтийн улмаас эрсдэлд орсон. Гурван ажилтны нэг нь дэлбэрэлтийн нөлөөгөөр хол шидэгдэж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Харин хоёр нь сураггүй болсон.
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан албан хаагчид ослын газарт ажиллаж, “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/-ын үлдэгдэл АИ-92 бензинийг соруулах ажиллагааг эхлүүлсэн. Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 23.25 цагаас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 20.00 цаг хүртэл 372 тн-ыг 40 тн-ын 9 автоцистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган парклуулж, цагдаагийн хамгаалалтанд авсан. Улмаар тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үйл ажиллагаа явагдсан. Тухайн сав руу унасан байх магадлалтай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” ХХК-ийн ажилтнууд оролцсон байна. Ингээд 13.01 цагт иргэн Д /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, 13.17 цагт иргэн О /43 настай, эмэгтэй/-ы цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэнэ.
“Тэс Петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг унтраахад Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч, гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэжээ.