Монголд хуулийг гууль болтол “самарч” чаддаг олон сүлжээ бий. Тэдгээр нь гадаад, дотоодын бодлого, санхүүжилтээр ажилладаг. Гурван жилийн өмнө дөө, дотоодын нэг том компанийн хууль бус үйл ажиллагаа ил болж байсан. Тэр компани Богд уулын амыг “Хариуцан хамгаална” гэсэн нэрийн доор 11 жилийн турш ашигласан байдаг. 150 орчим га газрыг ашигладаг ч ердөө 14 га-д нь төлбөр төлдөг. Учир нь газрыг бага багаар “цоордох” хэмээх аргаар авчихдаг байгаа юм. Өөрөөр хэлбэл, 150 га-г тойруулаад хашчихна. Тэр хавьд нь газар эзэмшдэг хүмүүсийнхийг ч хашчихсан байдаг. Тэгээд шүүхээр явж, асуудлыг замхруулна. Салбарын яам ч том компанийн өөдөөс зоригтой хөдөлж, төрийн хуулийг хэрэгжүүлж чадахгүй. Энэ талаар бид гурван жилийн өмнө “11 жилийн турш хууль бусаар ашиглажээ” гээд бичиж байсан. Харин өнөөдөр 14 жил өнгөрөөд байна гэсэн үг.
Тэгвэл манайд эдийн засаг, экологид маш хөнөөлтэй самрын экспорт гэж бас нэг даварсан сүлжээ байдаг. Мөн л 15 орчим жил болж байна. Үүнд төрийн хяналт бараг байхгүй. Энэ экспорт хятад иргэдийн гар хөл болсон онголын төр, ТББ, аж ахуйн нэгжийн нэр барьсан хэдхэн хүний амаар явагддаг. Тийм учраас улс ашиг байтугай татвар ч авч чаддаггүй. Засгийн газар, тэр дундаа БОАЖЯ, ТЕГ, ГЕГ, ҮХАҮТ, ХЕГ, хууль, хяналтын байгууллагынхан үүнд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.
“Самрын сүлжээнийхэн Монголын эдийн засаг, экологийг баллаж байна шүү” гэдгийг эх сурвалжууд хэлээд л байдаг. Өчнөөн л жил боллоо. Хэн ч тоодоггүй. Гэтэл энэ далд сүлжээ нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудын нөмөр, сүүдэрт үйл ажиллагаагаа явуулсаар байна. Эрх мэдэлдээ эрдээд байх шиг байгаа юм. Сүүлдээ давраад, манайхны ганц авдаг тэмдэгтийн хураамжийг цуцлуулах гэж буй тухай яригдаж байна. Тодруулбал, ЗГХЭГ-аас ажлын хэсэг гарчихсан, самар түүх, боловсруулах, экспортлохтой холбоотой журамд өөрчлөлт оруулах гэж байгаа аж. Түүгээр далимдуулаад экспортын самрын идээний кг тутамд 3000 төгрөгийн тэмдэгтийн хураамж авдгийг хүчингүй болгох гэнэ. Самрын сүлжээнийхэн энэ асуудал дээр маш идэвхтэй ажиллаад эхэлжээ.
Самрын сүлжээнийхний тэмдэгтийн хураамжаас бултаад байгааг хууль, хяналтынхан, ялангуяа АТГ-ынхан эртнээс хэлсээр ирсэн. АТГ-аас 2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газарт өгсөн зөвлөмжид “Ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн, гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3000 төгрөг төлөхөөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.13-т заасан болно. Гэтэл 2015 онд 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 117, 2016 онд долоон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 1600, 2017 оны эхний гурван сарын байдлаар дөрвөн иргэн, аж ахуйн нэгж 610 тн самрын идээг гадаадад гаргахдаа кг тутамд төлөх 3000 төгрөгийг, нийт 2327 тн-д оногдох 6.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.2-21.1.30-д байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон бөгөөд дээрх заалтын дагуу сүүлийн гурван жилийн байдлаар улсад төлөх ёстой хуш модны самрын идээний хураамжаа төлөөгүй хуулийн этгээдээс өндөр үнийн дүн бүхий хураамж төлөх ёстой байсан аж ахуйн нэгжийг түүвэрлэн үзэхэд 11 байгууллага байна. Тухайлбал, 2015 онд “Жи Си Эс” ХХК 24 сая төгрөг, 2016 онд “Эс Си интернэшнл” ХХК 960 сая төгрөг, “Оюу цагаан барс” ХХК 1.8 тэрбум төгрөг, “Эко самар” ХХК 600 сая төгрөг, “Буман боргоцой” ХХК 288 сая төгрөг, “Эс Си интернэшнл” ХХК 1.5 тэрбум төгрөг, 2017 онд “Эс Си интернэшнл” ХХК 1.5 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тус тус төлөөгүй байна” гэжээ.
Энэ асуудлаар захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сарын 14-нд Дээд шүүхийн 223 дугаар тогтоолоор шийдэгдсэн. Захиргааны шүүх “Нэр бүхий 18 компанийг 2015-2017 онд төлөх ёстой байсан 16.8 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлүүлэх” шийдвэр гаргасан.
Эх сурвалжуудын мэдээллээр “Эс Си интернэшнл” ХХК 750 сая төгрөг (300 саяыг төлсөн), “Эс Си интернэшнл” ХХК 200 саяыг төлсөн), “Эс Си интернэшнл” ХХК 960 сая, “Илч яруу” ХХК 600 сая, “Эс Си интернэшнл” ХХК 1.5 тэрбум, “Эко самар” ХХК 600 сая, “Буман боргоцой” ХХК 288 сая, “Эс Си интернэшнл” ХХК 1.5 тэрбум, “Шинэ боргоцой” ХХК 360 сая, “Буман боргоцой” ХХК 288 сая, “Шинэ боргоцой” ХХК 240 сая, “Эс Си интернэшнл” ХХК 1.5 тэрбум, “Эс Си интернэшнл” ХХК 1.5 тэрбум, “Эко самар” ХХК 900 сая, “Транс глобал трейд” ХХК 1.86 , “Баргил майнинг” ХХК эрбум, “Баргил майнинг” ХХК 198 сая, “Баргил майнинг” ХХК 750 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой.
Гэхдээ шүүхэд эдгээрийн дөрөв нь гомдол гаргасан байдаг. Тэд “Засгийн газрын 2015 оны аравдугаар сарын 19-ний 410, 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний 485 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Засгийн газрын 2015 оны аравдугаар сарын 19-ний Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 410 дугаар тогтоолын I, II заалтад “идээ” гэж оруулсан нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны нэгдүгээр сарын 11-ний 221/ ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр Засгийн газрын тухай хуулийн 7.2, 30.2, Байгалийн ургамлын тухай хуулийн 3.4, 17.4, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14.2-т тус тус заасныг баримтлан омпанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Харин нэхэмжлэгч “Эс Си интернэшнл” ХХК-ийн захирал Б.Соронзонболд л гэхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Хуш модны самрын идээ нь ургамал биш, хүнсний бүтээгдэхүүн болохыг нотолсон мэргэжлийн байгууллагын тайлбар, тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр “хуш модны самрын идээ нь цаашид соёолон ургах чадваргүй, гагцхүү хүнсэнд шууд хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн” гэх хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан”, “Засгийн газар нь самрыг элбэг ургасан жилд нь түүж бэлтгэх зөвшөөрлийг бусад этгээдэд олгодог билээ. Ийнхүү түүж бэлтгэхэд элбэг ургамлын нөөц ашигласны төлбөрийг буюу кг тутамд 800 төгрөгөөр тооцож төлүүлэн орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Гэтэл тухайн хуш модны самрын идээг үйлдвэрийн аргаар боловсруулан нэмүү өртөг шингэсний дараагаар гадаадад гаргах гэхээр БОАЖЯ нь ховор ургамлын улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг шаарддаг. Ийнхүү төлүүлж буй үндэслэлээ маргаан бүхий Засгийн газрын огтоолыг нэрлэн заадаг”, “Хурааж авсан боргоцойн 30 хувь нь л чөмөг болдог. 460 кг самрын идээг бэлтгэхийн тулд 1.5 тонн боргоцойг боловсруулдаг. Гэтэл чөмөгний хуурай жингийн нэг кг тутамд 3000 төгрөгийг ховор ургамлын улсын тэмдэгтийн хураамж төлүүлж буй нь уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа манай байгууллагын хувьд эдийн засгийн маш том дарамт учруулж байна” гэсэн. Харин шүүх бүрэлдэхүүн “Засгийн газрын 2015 оны аравдугаар сарын 19-ний дрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 410 дугаар тогтоолоор сибирь хушны үр, идээг ховор ургамлын жагсаалтад оруулсан, мөн 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 485 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтад “сибирь хушны үр-самар” гэж рчилсөн нь Засгийн газрын тухай хууль болон тухайн салбарын харилцааг тусгайлан зохицуулсан хуулиудыг зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна”, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.13-т “ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 1200-3000 төгрөг...” заасан байх тул нэхэмжлэгч компаниуд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр байна” гэж шийдвэрлэжээ.
Шүүхийн үйл ажиллагааны дараа 2019 онд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Шударга ёс” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ “БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргын албан тушаалаа урвуулан ашиглаж хэдхэн аж ахуйн нэгжид тэмдэгтийн хураамж төлөхгүй байх, түүж бэлтгэх эрхийн бичиггүй аж ахуйн нэгжүүдэд Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрлийг олгож улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд нь “Зөвшөөрөл олгох боломжгүй” талаар мэдэгдэхээр гэрчилгээний мэргэжилтэн гарын үсэг зурах хэсгийг арилгаж байгаад гэрчилгээ бичиж олгодог атлаа хуш модны самрын 60 тн идээ түүж бэлтгэх зөвшөөрөл бүхий компани 62.5 тн хэмжээтэй бэлтгэхээр эрүүгийн хэрэг үүсгүүлэх, зөвшөөрөл бүхий самрын идээг хурааж битүүмжилсэн нь миний мэдэх шударга ёсонд нийцэхгүй байна. Энэ мэтчилэн олон асуудалд бухимдана” гэж бичсэн байдаг.
Гэвч эдгээр компани өнөө хэр нь 16.8 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлөөгүй. Улмаар ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэгт нөлөөлөх замаар тэмдэгтийн хураамжийг “тэглүүлэх” гэж буй тухай эх сурвалжийн мэдээллүүд байна. Ингэвэл дээрх компаниуд шүүхийн шийдвэртэй 16.8 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжийн өрөө төлөхгүй. нь цаашид экспортолсон самраас орон нутаг, байгаль хамгаалахад зарцуулах ёстой тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Тэгэхээр ЗГХЭГ-ын ажлын хэсэг, тэндээс гарах шийдвэр маш их анхаарал татаж байгаа юм.
Үргэлжлэлбий.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН
“ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ