Хятад улс нэг талаас АНУ, Британи, нөгөө талаас Европын Холбоо хоорондын маргааны талбар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нарын Вашингтонд хийх уулзалтын үеэр Хятадын асуудал гол сэдвүүдийн нэг байх аж. Үүнтэй зэрэгцэн Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Бээжинд айлчилж байна. Вашингтон анхааруулсныг үл хэрэгсэн, ОХУ-д хориг арга хэмжээ авсан байгаа нөхцөлд тэрбээр Европын эдийн засгийг дэмжихээр БНХАУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж буй.
Лондон хотын захирагчийн даваа гаргийн үдэш зохион байгуулсан хүлээн авалтын үеэр Британийн Ерөнхий сайд Риши Сунак гадаад бодлогынхоо талаар үг хэлжээ. Москва, Бээжинтэй харилцах Лондоны баримтлах чиг хандлагыг тэрбээр тайлбарлахдаа НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмуудыг ОХУ үл тоомсорлож байгаа бол Хятад улс дэлхийд нөлөөгөө тэлэх зорилгодоо төрийн эрх мэдлийн бүх хөшүүргээ ашигладгийг онцолжээ. “Энэ нь бид өрсөлдөгчдөө хэл ярианы түвшинд биш, харин хатуу прагматизмын тусламжтай сөрөх хэрэгтэй гэсэн үг” гэж Р.Сунак хэлсэн байна.
Бээжинг тогтоон барихыг Лондон Хятадын талаарх прагматизмаа болсон бөгөөд Британийн шинэ Засгийн газар үүнийг улс орныхоо аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж буй аж. Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөвт эргэлзэж буй Р.Сунак тус улсад хатуу шахалт үзүүлэхийг уриалжээ. “Хятадад хандах бидний хандлага өөрчлөгдөх ёстой. Алтан гэж нэрлэдэг үе дууссан, үүний хамт нийгэм, улс төрийн шинэчлэлийг худалдаагаар дамжуулан хийнэ гэсэн гэнэн бодлоо ч орхиё” гэж тэрбээр хэлсэн байна.
Өмнөх Засгийн газрын үед Лондон Бээжинтэй харилцаагаа хурцатгах хэд хэдэн арга хэмжээ авсан. Тухайлбал, Британид 5G сүлжээг бий болгоход Хятадын “Huawei” корпорацтай хамтран ажиллахаас татгалзсан юм. Үүний сацуу Британи дахь бичил чипний хамгийн том үйлдвэрийг эзэмшдэг “Newport wafer fab” компаниа худалдахыг Хятадын бизнес эрхлэгчдэд хориглосон байна.
Хятадын бизнес эрхлэгчдийг хавчиж байгааг Бээжин эсэргүүцэж, Британийн Засгийн газар үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нэрийдлээр компаниудыг нь үндэслэлгүйгээр дарж байгааг онцлон тэмдэглэжээ. Р.Сунакийг илтгэл тавьсан өдөр, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нэрийдлээр Лондоны адил зүйлийг хийхийг оролдож буй Вашингтоны үйлдлийн эсрэг Хятадын ГХЯ хатуу хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн аж.
Хятадын харилцаа холбооны компаниудад тоног төхөөрөмж нийлүүлэхэд Америкийн эрх баригчдын тавьсан хоригийг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизянь тайлбарлахдаа “Ийм үйлдэл зах зээлийн эдийн засгийн зарчим, олон улсын худалдааны дүрмийг алдагдуулж байна. АНУ-ын энэ алхам үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар түрээ барьсан бас нэг муу жишээ” гэжээ.
Ташрамд сануулахад, өнгөрсөн сарын 25-нд АНУ-ын Харилцаа холбооны комисс тус улсад Хятадын хэд хэдэн компанийн үйлдвэрлэсэн харилцаа холбооны хэрэгсэл, ажиглалтын төхөөрөмж нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргасан юм. Эдгээрийг Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Вашингтон үзжээ. Тодруулбал, Хятадын “Huawei”, ZTE, “Hytera communications”, “Hangzhou hikvision digital technology”, “Dahua technology” болон тэдгээрийн охин компаниудын бүтээгдэхүүнд хориг тавьсан юм.
Хэдийгээр Вашингтон болон Лондон Хятадын талаарх бодлогодоо нэгдмэл байр суурь баримталж байгаа ч Европын Холбооны орнууд Бээжинтэй худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх эрхээ хамгаалахыг хичээж буйг Цагаан ордон хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэв. Гэсэн ч Ж.Байдены засаг захиргаа Европын Холбоог Хятадтай хийж буй улс төр, худалдаа, эдийн засгийн дайны далбаан дор, өөрийн талд татах оролдлогоо орхихгүй бололтой.
“Мэдээж Европт өөрийн гэсэн ашиг сонирхол бий. Хятадын талаарх бидний үзэл бодол ижил биш. Гэхдээ бид Хятадад нэгдсэн байр суурь баримтлах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшил бий” гэж даваа гарагт АНУ-ын засаг захиргаа тус улсын Ерөнхийлөгч Ж.Байден, Францын Төрийн тэргүүн Эмманюэль Макрон нар хэлэлцээ хийхийг зарлахдаа мэдэгдсэн юм. Хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь Хятад, Энэтхэгийн болон Номхон далайн чөлөөт, аюулгүй бүс нутгийн тухай асуудал байхыг Вашингтон тэмдэглэжээ.
Спратли (Хятадад Наньша гэдэг) арлуудад болсон хэрэг явдал нь Номхон далай дахь нөлөөллийн хүрээний төлөөх тэмцлийн тэсрэх аюултай сэдэв болохыг АНУ, Францын дээд хэмжээний уулзалтын өмнө харууллаа. Хятадын ардын чөлөөлөх армийн Өмнөд бүсийн байлдааны командлалын төлөөлөгч Тянь Зюньли мягмар гарагт хэлснээс үзвэл Америкийн “USS chancelosville” пуужинт хөлөг онгоц БНХАУ-ын зөвшөөрөлгүйгээр, Бээжингийн өөрийнх гэж тооцдог арлуудын усан хилд нэвтэрсэн байна. “АНУ-ын цэргийнхний үйл ажиллагаа Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж байгаа нь Өмнөд Хятадын тэнгисийг хөлөг онгоц давамгайлсан, цэрэгжүүлсэн байдалтай болгох хүсэлтэйгийн бас нэг маргаангүй нотолгоо. АНУ тус бүс нутгийн аюулгүй байдлын заналхийллийн жинхэнэ эх сурвалж гэдгийг бүрэн харуулж байна” гэж тэрбээр өгүүлэв. Түүний хэлснээр Хятадын хэсэг хөлөг онгоц Америкийнхыг дагалдан явж, бүс нутгаас гарахыг сануулсан байна.
Энэ үеэр Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутагт Хятадыг хамтын хүчээр тогтоон барих гэсэн Өрнөдийн холбоотнуудын зорилтуудын талаарх Америкийн үзэл баримтлалтай зөрчилдсөн мэдэгдэл Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель хийсэн юм. Тэрбээр “Politico” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Номхон далай нь Умард Атлантын эвслийн хариуцсан бүсэд ордоггүй гэсэн санааг гэнэт илэрхийлжээ.
“НАТО нь Номхон далайд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй. Бидэнд аюул занал, сорилт хангалттай байгаа гэж та бодохгүй байна уу” гэж өнгөрсөн сарын 28-30-нд Румыний Бухарест хотод болсон тус эвслийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын өмнөхөн Ж.Боррель мэдэгдсэн юм. Испанийн Мадридад өнгөрсөн зургадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр тус эвсэл түүхэнд анх удаа Хятадыг цэргийн шууд дайсан биш, сорилт бологч гэж нэрлэсэн шинэ стратегийг баталсан билээ.
Үүний сацуу Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Бээжинд айлчлах болсон нь Өрнөдийн орнуудын Хятадад чиглэсэн бодлоготой улам зөрчилдөв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизяний танилцуулсан хөтөлбөрт Хятадын дарга Си Зиньпинтэй яриа хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Ли Көцян, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нартай уулзахаар тусгажээ.
Үүнээс өмнө буюу өнгөрсөн сарын эхээр Германы Канцлер Олаф Шольц Бээжинд айлчлахдаа бизнесийн бүхэл өнгийн төлөөлөгчдийг буюу “Siemens”, “Adidas”, “Deutsche bank”, BASF, “BioNTech”, BMW, “Volkswagen” компанийн том менежерүүдийг дагуулан явсан. Бээжинд хийсэн айлчлалын нэг үр дүн нь Хятадын CASC компани “Airbus” концернтэй 17 тэрбум ам.долларын үнэ бүхий иргэний агаарын тээврийн 140 онгоц худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан явдал байв.
Бээжинтэй хийх худалдаа, эдийн засгийн харилцаанд итгэхийг “гэнэн” гэж үздэг Р.Сунакаас ялгаатай нь Хятадтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь дайны нөхцөлд тивийнхээ эдийн засгийг дэмжих боломжтой хэмээн Европын Холбоо найдаж байна. Шарль Мишелийн айлчлалын талаар “Financial times” сонин “Энэ алхам нь Хятадтай харьцах талаар Европ санал зөрөлдөөнтэй байгааг онцлон харуулах бололтой” хэмээн тэмдэглэжээ.